32-р сургуулийнхан хоёр хуваагджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийнхны байр нь ч, багш, сурагчид нь ч хоёр хуваагдан, хүнд нөхцөлд байна.

2004 онд МХЕГ-аас уг сургуулийн барилгад шалгалт хийж, сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй, үйл ажиллагааг нь зогсоож актлах дүгнэлт гаргажээ. Гэвч өөр байргүйгээс урсгал засвараар аргацааж иржээ. Ийнхүү 2008 онд өргөтгөл бариулж, тэндээ хичээллэх болсон боловч өнөөдөр бас л шаардлага хангахаа больсон байна. Тэр бүүхэл, сурагчдыг хоёр хуваагдаж хичээллэх болсон гэв. Өргөтгөл гэх “Б” байранд бага бүлгийхэн хичээллэж, бусад нь 15-р сургуульд түр шилжжээ. Түүнчлэн багш нарын болон сургалтын менежерийн өрөө байхгүй тул коридороо дундуур нь тасалж, жижиг өрөө гаргасан байна. Сургуулийн ажилчид ч мөн орох өрөөгүй тул узель дотроо байдаг аж.

Ингээд сурагчид коридортоо хэрхэн хичээллэдэг талаар сургалтын менежер Д.Отгонцэцэгээс лавлав.

-Танай сургуулийн сурагчид коридорт хичээллэдэг гэсэн мэдээлэл гараад байгаа. Ямар зохион байгуулалттайгаар хэрхэн зохицуулж байна вэ?

-Үндсэн хичээл нь ангидаа орж байгаа л даа. Харин хичээлээс гадуурх сургалт, лекц, дугуйлан зэргийг л коридорт явуулж байна. Тэгэхгүй бол хичээлтэй учраас бусад сургалтад анги танхим хүрэлцдэггүй юм. Манайх чинь ердөө л зургаан ангитай, бага бүлгийн 383 сурагчтай.

Дунд, ахлах бүлгүүдийн 206 сурагчид 15-р сургууль руу шилжүүлээд хоёр дахь жилдээ хичээллэж байна. Багш нар нь ч бас тэнд байгаа. Тиймээс 15-р сургууль бүр их ачаалалтай болсон.

-Сургуулийн барилгын асуудлаар хаана хандсан юм бэ? Хэзээ шийдэх талаар хариу ирсэн юм уу?

-Уг нь концессын гэрээнд орсон гэсэн нааштай хариу дуулгадаг юм. Тэгээд л таг сураггүй алга болчихдог юм.

-Одоо та бүхэнд тулгамдаад байгаа асуудлаа товч дурдвал?

-Дулаанд арай гайгүй. Хүйтрээд ирэнгүүт л хөгц, мөөгөнцөрт баригдаад, үнэр нь ч гэж дийлдэхээ больчихдог. Бас их хүйтэн. Хичээл хийх нөхцөл үнэхээр хүнд байдаг. Хамгийн гол нь хүүхдүүдийн эрүүл мэнд болон хичээлд төвлөрөлтөд маш сөрөг нөлөөтэй шүү дээ. Тиймээс л яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна даа.

Мөн бага ангийн багш Д.Болорчулуун сурагчдын асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Манай хүүхдүүд 15-р сургуульд айлын хүүхэд шиг л гадуурхагдаж байна. Тэр сургуулийнхан нь шилжиж очсон хүүхдүүддээ дээрэлхүү ханддаг юм билээ. Тэгээд ч сургуульдаа очих гэж унаанд суухаас эхлээд олон янзын бэрхшээл тулгарах болсон нь их эмзэглэмээр байна. Жил ирэх бүр хүүхдийн тоо нэмэгдээд, энэ янзаараа бол ирэх жил гэхэд манай сургууль дахиад л гурван ээлжээр хичээллэх бололтой. Одоо л гэхэд бага бүлгийн нэг ангид 40 хүүхэд суралцаж байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлыг хурдхан л шийдэх хэрэгтэй” гэж ярилаа.

Энд нэгэн эх сурвалжийн яриаг хавчуулъя. Түүний ярьснаар 15-р сургуулийн жижүүр 32-р сургуулийн захирлыг заамдан авч заналхийлж байсан удаатай аж. Энэ бүхнээс харахад, дээрх сургуулийн асуудлыг яаравчлан шийдвэрлэж өгөхгүй бол асуудал нэлээд хүндэрсэн нь илт байгаа юм.

Тус сургуулийн “А” блокийн барилгыг 1956 онд барьж, 1962 оноос сургуулийн зориулалтаар ашиглаж ирсэн аж. Харин өргөтгөл гэх “Б” байрыг 2008 онд ашиглалтад орсон.Одоогоор хуучин байрыг нураатал Боловсролын яамны агуулах болгон ашиглаж байгаа гэв.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ