Ц.Даваасүрэн: ИНЕГ-ын данснаас 3.7 тэрбум төгрөг гаргуулан угаасан Т.Батжаргалыг шүүхэд өгнө
УИХ дахь бие даагчдын зөвлөл долоо хоног бүрийн эхэнд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийдэг улалжлалтай. Оюутолгойн шударга бус гэрээг анхнаас нь эсэргүүцэж, нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бие даагчдын зөвлөлийн хоёр гишүүн өчигдөр ИНЕГ-т үүсээд байгаа хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж, зарим хүмүүсийг хууль хүчний байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ дахь бие даагчдын зөвлөлийн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нараас дараах тайлбарыг авсан юм.
-Та бүхэн өнөөдөр нэлээн ноцтой баримт, материал дэлгэн үзүүллээ. Энэ нь тодорхой нэг албан тушаалтан, ажил хариуцаж байгаа хүний эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа биш гэдгийг юугаар нотлох вэ?
-Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, ажил хариуцаж байгаа ямарваа хүнийг гүтгэн доромжилж, санаатайгаар баримт материалыг мушгин гуйвуулбал Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял эдлэх ёстой. Бид яг энэ үүднээс ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал бидний нэр төрд үндэслэлгүй халдаж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгааг эсэргүүцэн харин ч өөрийнх нь удаа дараагийн хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж байгаа юм.
-Өчигдөр /уржигдар/ ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал болон тэндээс халагдсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийлгэж байхыг зурагтаар үзсэн. Таныг ИНЕГ-ын харьяа Мөрөнгийн нисэх буудалд танил талын 13 хүнийг ажилд оруулсан. Х.Болорчулуун, С.Ганбаатар гишүүдийн хувьд ч С.Буяндалай даргатай хуйвалдан олон хүнийг ажилгүй болгож, өөрсдийн төлөөний 100 гаруй хүнийг оронд нь оруулсан хэмээн мэдэгдэж байсан. Яг юу болсон юм бэ?
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Аудитын газраар дамжуулаад төрийн байгууллагын төсөвт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Үндэсний аудитын газар, МХЕГ-ын Санхүү, хяналт шалгалтын газраар ИНЕГ-т хоёр удаа шалгалт оруулж, удирдлагууд нь мөнгө угаасан ноцтой зөрчил илрүүлсэн. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаад хуучин дарга С.Батмөнх нарын хүмүүст ял оноосон.
Одоо ч тус газрын зарим албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингэж шалгалт оруулсантай холбогдуулан өсөрхөж, хэвлэл мэдээллээр ИНЕГ-т ах дүү, хамаатан садан, төрсөн дүү нараа албан тушаалд томилсон гэж гүтгэж байна. Нэг удаа тушаал гаргаад л 100 гаруй хүнийг ажилгүй болгочихоод эргүүлээд танил тал, хамаатан садан нийлсэн 200 гаруй хүнийг ажилд оруулчихна гэж Монголд яаж байж болох вэ дээ. Миний хувьд сонгогдсон тойргоосоо ганц нэг хүнийг ажилд оруулсан юм бол бий.
Гэхдээ эдний гүтгэж байгаа шиг нэг дор хэдэн арваар нь чихчихсэн юм огтхон ч байхгүй. Миний хоёр дүү ямар ч албан тушаалд очоогүй, Мөрөн сумандаа нэг нь тогооч, нөгөө нь техникч хийгээд л явж байгаа. ИНЕГ-т ямар хууль зөрчсөн үйлдэл болж байсан болон одоо ч үргэлжилсээр байгааг баримтаар дэлгэнэ. Намайг болон Х.Болорчулуун гишүүнийг гүтгэсэн ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргалыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэх болно.
-Сая та бүхэн ажилдаа эргэж ороод байгаа ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргалын талаар нэлээн ноцтой баримт дэлгэлээ. Зарим нэг ноцтойгоос нь дурьдахгүй юу?
-Энэ Т.Батжаргал гэдэг нөхөр урьд нь ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байгаад олон ноцтой зөрчил, луйврын асуудалд холбогдон шалгагдаж, түүнийхээ ч улмаас ажлаас халагдсан нэгэн. Гэтэл эргээд ажилдаа орохоор барахгүй ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн даргаар тавигдсан байгаа юм. Энэ Т.Батжаргал гэгч нь 44 оюутныг 50 мянгаас дээш ам.долларын төлбөртэй АНУ, Канадын их дээд сургууль, коллежид сургах нэрийдлээр Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба” гэгч хуурамч институт байгуулж, түүгээр дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй. Өнөөдрийн байдлаар мөнгө угаах зорилгоор байгуулагдсан “Соба” институт гэгчийн талаарх хууль ёсны баримт материал олдохгүй байгаа юм билээ. Энэ нөхөр өөрийн хүүхэд болох Б.Номондалайг АНУ-ын Пералта коллежийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангид жилийн 56 мянган ам.доллараар сургаж байх жишээтэй.
Түүгээр ч зогсохгүй өөрийн эхнэрийн дүү Б.Ариунболд гэгчийг Канадын Торонто хотын Жорж Брауны коллежэд жилийн 100 гаруй мянган ам.доллараар сургасан байна лээ.
Мөн түүнчлэн өөрийнхөө жолоочоор ажиллаж байсан Алтансүхийн хүү Баянмөнхийг ч АНУ-д жилийн 45 мянган ам. доллараар сургасан. Гэхдээ зүгээр ч нэг сургаагүй. ИНЕГ-ын данснаас гаргасан энэ их мөнгөнөөс ноцтой ихээр идэж шамшигдуулсан байж болзошгүй. Жишээ нь 56 мянган ам.долларын төлбөртэй коллежийн төлбөрийг 81 мянган ам.доллар гэж тооцоолоод дундаас нь их хэмжээний мөнгө завшсан байна.
Эдгээр гэрээг өдгөө ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга энэ Т.Батжаргал гэгч гардан гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг хууль хяналтынхан ид шалгаж байгаа.
-Энэ хүн ажилдаа эргэж ороод удаагүй байгаа гэсэн. Түүнээс гадна бас нэг Батжаргалын нэр яригдаад байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Энэ Т.Батжаргал гэгчийг Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзээд байсан ч шүүхээр заргалдаж явсаар сарын өмнө энэ албан тушаалд очсон юм билээ. Харин түүнтэй нэр нэгтэй Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба” институтын менежер гэх Б.Батжаргал нь Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан учраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа гэсэн. Б.Батжаргалыг интерполоор эрэн сурвалжилж байгаа, удахгүй үр дүн гарна гэдэгт хууль хяналтын байгууллагууд итгэлтэй байна лээ.
Х.Болорчулуун: Миний охин ИНЕГ биш, “Дорнод гурил”-даа ажиллаж байгаа
-Танай охиныг нэр заан ИНЕГ-т хариуцлагатай алба хашиж байгаа гэсэн нь ямар үндэслэл дээр тулгуурласан юм бол. Уг нь их л үнэмшилтэй ярьцгааж байсан л даа?
-Энэ этгээдүүд миний охины нэрийг гүжир гүтгэлэгтээ хамруулахдаа зөв нэрлэж байна лээ. Тэгж нэрийг нь зөв хэлээд улаан цайм гүтгэж чадаж байна гэдэг нь эдгээр этгээдүүд хүн гүтгэж гүжирдэхдээ гаршсан гэдгийг нь харуулж байгаа юм. Энэ Т.Батжаргал гэдэг этгээдийн удирдсан бүлэг зөвхөн 2011-2012 онд 1.6 сая ам. доллар АНУ, Канад руу сургалтын төлбөр нэрээр шилжүүлсэн байна лээ. Би тэдгээр баримтыг бүгдийг нь цуглуулсан.
Гэтэл тэр мөнгөний дутагдсан зөрүү нь 850 мянган ам.доллар болсон юм билээ. Үүнийг яаж мэдсэн гэвэл ИНЕГ-ын шинэ удирдлагууд хүмүүс томилж АНУ, Канадын сургуулиуд дээр очин баримтын шалгалт хийснээр энэ хулгай, луйвар илэрсэн юм билээ. Сургалтын төлбөр нэрээр гуйвуулсан мөнгөнөөс тал нь сох дутсан энэ том хулгай, луйвар Т.Батжаргал гэгч энэ нөхөртэй салшгүй холбоотой.
ИНЕГ-т олон жил бугшиж үүрлэсэн энэ нөхдүүд УИХ-ын нэр бүхий гишүүд, том дарга нартай хуйвалдаж олон жил хулгай луйвраар амьдарсаар ирсэн. Засаг солигдох үеэр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Нямдорж, Су.Батболд нар очиж хэвлэлийн хурал хийлгэн, нэг ёсондоо “Та нар тайван бай, бид хамгаална” гэж хэлсэн байлгүй. Би тэгж л ойлгож байгаа.
Миний охин Б.Хэрлэнг ИНЕГ-т ажиллаж байгаа гэж ор үндэсгүй гүтгэсэн. Гэтэл охин маань одоо ч гэсэн “Дорнод гурил” компанидаа ажиллаж байгаа. Нэрийг нь зөв бичиж гүтгэсэн ч гэлээ ИНЕГ-т Б.Хэрмэн гэдэг эмэгтэй ажилладаг юм билээ. Ингэж хүнийг утга учиргүй гүтгэж, хавь ойрын хүмүүстэй нь гүтгэж болохгүй. Тиймээс УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс энэ гүтгэлэг хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.
Нөгөө талаар энэ Т.Батжаргал гэгч маш их мөнгө завшиж, хулгайлсан хэргээр шалгуулж байгаа хэрнээ сул чөлөөтэй, элдэв асуудал үүсгээд яваад байгааг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг болсон. Бидний хамаатан, үр хүүхдээс ИНЕГ-т нэг ч хүн байхгүй.
-Жилийн сургалтын төлбөр нь 300 гаруй мянган ам.доллар болсон тухай дөнгөж яса та ярьлаа. Үнэхээр тийм өндөр төлбөртэй сургууль байдаг хэрэг үү?
-Энэ бол үнэхээр маш сайн шалгаж тогтоох ёстой ноцтой баримт мөн. ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг гэгч нь өөрийнхөө Х.Энхжин гэдэг хүүхдийг жилийн 320 мянган ам. доллараар Канадын Сенека гэдэг коллежэд сургаж байгаа. Ийм юм гэж байж болох уу. Энэ бол жирийн иргэд байтугай УИХ-ын гишүүд бид ч толгой хүрч ойлгохын аргагүй маш ноцтой хэрэг болоод байна.
Бид энэ ноцтой, Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг эцэслэн тогтоохын төлөө ажиллах болно.
Өглөөний сонин
Д.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ