Шар хаданд хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн хэргийн сэжигтний буруугүйг тогтоожээ

Өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэдэг уулын орой дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан.

“Овооны хажууд хоёр эмэгтэй хүний цогцос байна” гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажилласан байдаг.
Улмаар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг олж илрүүлж чадсаны үр дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн Б.И гэгч этгээдийг баривчлан хорьж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байсан.

Мөн цагдаагийн байгууллагынхан мэдээлэл хийх үедээ хэргийг үйлдсэн гэх 1991 онд Өвөрхангай аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой И гэгчээс гадна хамт архидан согтуурч байсан Э.З гэгчийг Дарханаас баривчлан хорьж, хэрэгт холбогдуулан шалгаж байжээ.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Э.З гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас би гэртээ тасраад уначихсан байсан. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй” гэх утгатай зүйл ярьсан” гэж эх сурвалж мэдээлж буй. Энэ хэргийг сэжигтэн И нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж. Б.И гэгч нь энэ аймшигт хэргийг үйлдэхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлд зааснаар нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нэгэн юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ