Хөвгүүд зам тээврийн осолд илүү өртөж байна

Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол буурахгүй байна. Он гарсаар эхний арван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Ослын улмаас найман хүүхэд амь насаа алдаж, бусад нь гэмтэл авсан байна. Хөвгүүд 542, охид 361 байна. Хөвгүүд илүү хөдөлгөөнтэй учраас амжиж гарах гээд аваар осолд их өртөж байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Насны онцлогоор нь аваад үзвэл 8-14 насныхан 423, 0-7 настангуудад 372, 15-18 настангууд 108 хүүхэд өртжээ. Хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ гараад сургууль, цэцэрлэгт явах, буцаад ирэх замдаа осолд өртдөг юм байна. Өөрийнх нь хүүхэд л ийм асуудалд өртөхгүй бол томчууд энэ тоо баримтнаас дохио авч, сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй байгаа нь харамсалтай.
Хүүхэд хөгшид замаар гарахдаа амь насаараа дэнчин тавих шахам гарч байна. Сигналаа чанга дуугаргаж цочоох, хурдаа хэтрүүлж явах, үл тоомсорлох явдал хэрээс хэтэр байна. Өндөр настнууд зам тээврийн осолд орсон тоо баримт дурьдвал бас л их өндөр тоо гарна.
Эцэг, эхчүүдийн завгүй, завгүй гэдэг үгний цаана хүүхэд хохирох явдал их байгаа нь үнэхээр харамсалтай. Хүүхдээ осолд орохоор хэдэн өдөр ажлаасаа чөлөө авч, эмнэлэг гэр хоёрын хооронд гүйж, мөнгө санхүү, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд маш их зүйлээр хохирдог. Хүүхэд нь амь насаа алдсан эцэг, эхчүүдийн хувьд төсөөлөхийн аргагүй зовлон шаналалыг үүрэх болно.
Бусад орнуудын жишгээр бол, ажил, гэр, сургууль, цэцэрлэг нь хотхоны зохион байгуулалттай бөгөөдөглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа явж, хүүхэд нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Энэ мэтчилэн төрийн бодлогоор гэр бүлийн асуудлыг шийдвэрлэсэн сайхан жишээнүүд олныг дурьдаж болно. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авах нь бүүхэл ажилдаа арайхийн амжиж ирдэг залуу ээж, аавуудад төрийн бодлого үгүй юмаа гэхэд байгууллагын дотоод зохион байгуулалт шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Сургуулийн эргүүл ажиллуулж, цацруулагчтай цүнх үүрүүлж, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгсэл явуулдаг болсон гээд нийслэл хотын хэмжээнд багагүй ажлууд хийж байгаа. Гэвч энэ талаар төдийлөн ярьдаггүй, хичээлээсээ хоцров гэж үүрэгдэж загнадаг ээж, аавууд минь 888 гэсэн тоо бидэнд томоохон дохио өгч байна.
Нөгөө талаар эрхэм жолооч та бүхэн дор бүрнээ нэгийг бодож, замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, эрдэнэт хүний амь насанд халдах, эрүүгийн хэмт хэрэгтэн болох, эд хөрөнгөө эвдэж сүйтгэх олон талын эрсдлээс өөрсдийгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ