216 хүн эрүүл мэндийн хяналтад байна

Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.
Монгол улсын хувьд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутаг “Өлзийт гол” гэдэг газар нэг үхэр малын галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ. 11 дүгээр сарын 07-ны өдрөөс тус нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна.
Харин дэлхий дахинд, Эбола вируст халдварын тархалт зарим улсад нэмэгдсэн хэвээр байна.
Энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн 9 улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226 (36%) хүн нас барсан байна. Энэ сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байсаар байна.
Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдол нэмэгджээ.
Мали улсад шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, 3 нь нас барсан бөгөөд сүүлийн 3 шинэ тохиолдол нь 10 дугаар сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 216 хүнийг илрүүлэн эрүүл мэндийн хяналтад байлгаж байна.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ