Татварын байцаагч л болоё

Шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэх олны анхаарлыг татсан асуултаас дутахгүй шуугиулж байгаа нэг явдал байна. Энэ нь татварын байцаагчдын өөрсдийгөө “шагнасан” их хэмжээний мөнгө юм. Галзуу барын аманд гараа ч хийхээс буцахгүй гэдэг зүйрлэл бараг өнөө цагт татварынханд хамаарахаар болсон дог оо.
Улсын ерөнхийлөгчөөсөө авахуулаад УИХ-ын дарга нь хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулж асар их бухимдаж байгаагаас харахад нийгэмд ямар их стресс төрүүлэхүйц "муурын сахал"-аар оролдсоноо тэд ойлгож байгаа бизээ.
Өчигдөрхөн Сангийн яамнаас Татварын Ерөнхий Газарт энэ асуудлаар чиглэл өгч орон нутгийн төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан зохих албан тушаалтан, удирдлагуудад хариуцлага тооцож, олгосон урамшууллыг төсөвт буцаан төвлөрүүлэхээр заасан байна. Энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд "Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа. Хавсаргасан бичгийг үзнэ үү" хэмээн жиргэжээ.
Гэвч даварсан татварынханд эргэн төлүүлээд зогсохгүй давхар хариуцлага тооцох нь чухал юм. Гэхдээ жирийн татварын байцаагч нарт биш ийм их мөнгө халаасанд яваад орчихдог уур амьсгал, хөрсийг бүрдүүлж өгсөн Татварын ерөнхий газрын удирдллагуудад.
Татварын ерөнхий газраас зөвхөн өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн зургаан дүүргийн 20 орчим байцаагчид зургаан тэрбум гаруй төгрөг олгосон байдаг. аж. Энэ мэдээлэл татвар төлдөг олон зуун мянган хүний эгдүүцлийг зүй ёсоор хүргэх нь тодорхой. Одоо л олны сонорт шуугиулаад байгаагаас бус олон тэрбумаар нааддаг нь татварын байцаагчдын хувьд заншил болсон явдал гэх.
Татварын байцаагч болохын тулд л олон жилийн өмнөөс сургууль соёлд мэргэжлээ бэлдэж, эцэст нь олон сая төгрөгийн хахуулиар сая нэг санасандаа хүрдэг гэх. Ер нь татварын байцаагч болно гэдэг нь нэг ёсны энгийн иргэдийн дундах УИХ-ын гишүүнээс ч амттай бялуу юм даг аа.
Улс орны эдийн засаг сульдан доройтож, хямралын шуурганд “уруудсан” татвар төлөгчид өөр өөрсдийн төсвөө хэмнэж байхад төрийн нэрийн өмнөөс төсвийн орлогыг цуглуулах үүрэгтэй байцаагч нар улсын төсвөөс дур зоргоороо хумсалж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Ийм дуулиан дэгдмэгц Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “ТЕГ түүний удирдлага нь батлагдсан төсвөөс гадуур, улс болон орон нутгийн төсвийн орлогоос нэг ч төгрөгийг татварын алба, ажилтан албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгоогүй бөгөөд цаашид ч олгохгүй" хэмээн санд мэнд тушаал гаргасан гэнэ.
Оройтсон борооны хойноос нөмөрсөн цув гэж үүнийг л хэлэх байх. АТГ-аас зөвхөн татварынханд зориулсан тусгай хэлтэс байгуулахуйц болсон гэдэг ч тоглоом шоглоом биш бараг амьдрал дээр хэрэгжих шаардлагатай болжээ.


М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ