Б.Баатархүү: Албан тушаалын цол хэвээр байгаа

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон. Ингэснээр, жишээлбэл, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн таагүй хандаж байсан. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сарын 4-нд цагдаагийн алба хаагчийн цолны журмыг шинэчлэн баталж, цагдаагийн цолыг хугацаатай болгожээ.

Ингээд цолны талаар ЦЕГ-ын дарга Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Цагдаагийн алба хаагчдын цол хуучин хэвэндээ орж, албан тушаалын цол байхгүй болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Албан тушаалын цол хэвээрээ байгаа. Цолны болзол шалгуурыг хангахад тодорхой хугацаатай болсон. Жишээлбэл, цагдаагийн дунд офицерууд дэслэгчээс ахмад хүртэл тодорхой хугацаатай. Цагдаагийн дунд офицерийн местэд орсон тохиолдолд ахмад хүртлээ тодорхой хугацааны дарааллаар ахих боломжтой. Хошуучаас хурандаа хүртэл буюу дээд цолны болзлыг тодорхой хугацаанд ахмад цолоороо ажиллаж байж, болзол шалгуурыг хангасан тохиолдолд, тодорхой сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн ахмадууд цагдаагийн хошууч, дэд хурандаа, хурандаа гээд цол ахиад явна.

-Тэгэхээр хошууч цолтой хүн хурандаа цолны албан тушаалд томилогдвол шууд хурандаа болж байсан. Энэ нь хугацаатай болсон гэсэн үг үү?

-Тийм. Хошууч цолтой хүн хурандаа цолны албан тушаалд томилогдсон ч тодорхой хугацаанд ажиллаж, хурандаа цолны шалгуур болзлыг хангах ёстой. Болзлыг хангаж чадвал албан тушаалын хурандаа цол олгоно.

-Хэрвээ албан тушаал буурвал яах вэ. Хурандаа цолтой хүн хошууч цолны албан тушаалд томилогдвол?

-Тухайн албан тушаалын цолоо хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, хурандаа цолтой байсан ч хошууч цолны албан тушаалд томилогдвол албан тушаалын хошууч цолтой болно.

-Энэхүү журмыг хэрхэн дагаж мөрдөх вэ?

-Цолны журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан ЦЕГ-аас журам гаргах гэж байна. Нарийн шатлалыг хэрхэн яаж ахих, сонгон шалгаруулалт, цол ахих болзолыг хэрхэн яаж явуулах, ямар хугацаанд явуулах, хүний нөөцийн бодлого ямар байх гээд журмаа гаргаж байна. Журам боловсруулагдаад эцсийн шатандаа яваа.

-Цагдаагийн байгууллагад анх орж байгаа хүний тухайд?

-Цагдаагийн байгууллагад анх орж байгаа хүнд цагдаагийн дэслэгч, дэд ахлагч цол олгоно. Цагдаагийн албан тушаалд анх очиж байгаа хүнд цагдаагийн дээд цолыг олгохгүй гэж журамд тодорхой зааж өгсөн байгаа.

Энэхүү журам нь цагдаагийн алба хаагчдад ихээхэн таалагдаж байгаа юм байна. Учир нь ажлын дадал туршлага нь хурандаа цолны болзол хангахаар биш, насны хувьд ч залуу хүмүүс албан тушаалын местээрээ шууд хурандаа болж байгаа нь цагдаагийн дадлага туршлагатай алба хаагчдын дургүйцлийг хүргэдэг байсан гэж цагдаагийн алба хаагчид мэдээлж байсан юм. Харин цолны журам шинэчлэн батлагдсанаар цагдаагийн алба хаагчид хөдөлмөрлөж, дадлага туршлагаараа цол ахиад явах боломж нь хуучин хэвэндээ орж байгаа юм байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ