Хүүхдийнхээ регистрээр сурлагыг нь хянах боломжтой болно

Боловсрол, шинжлэх ухааны яам "Боловсролын нэгдсэн мэдээллийн систем"-ийг анх удаа нэвтрүүлж байна. Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн энэ технологи нь хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдлээ.

Бас нэг давуу тал нь эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрдэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглан хичээл дээрээ ямар дүн авсан, улирлынхаа шалгалтуудыг хэрхэн өгсөн, сургуульд ирсэн, явсан цаг, хичээлдээ суусан эсэх зэрэг бүх талын мэдээллийг цаг алдалгүй авах юм гэнэ.

Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой гэдгийг хариуцсан мэргэжилтнүүд нь хэллээ. Мөн багш нарын тухай мэдээллийг харах, багштай харилцах боломжтой болох аж. Энэ систем зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна дүн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, сурагчийн сурлагын түвшний өсөлтийг графикаар харуулах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ