Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв нээгдэнэ

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв ирэх сард үүдээ нээх гэж байна. ҮХААЯ-ны санаачилсан энэхүү худалдааны төвийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэгчид эхнээсээ талбай, лангуугаа хуваарилан авч эхэлжээ.
Эл санаачилгыг дэмжигч “Нар Мон” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Дашдондог хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжил үндэсний үйлдвэрлэгчидтэй салшгүй холбоотой. Энэ утгаараа ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхны санаачилгыг дэмжин “ёё”–аа үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв болгон өөрчлөхөөр ажиллаж байна. Үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулснаас гадна оёдол, ноос ноолуур, арьс ширний аж ахуйн нэгж, үйлдвэрүүд холбоогоороо дамжуулан хандаж байгаа учраас барьцаагүйгээр талбай түрээслүүлэхээр болсон. Энэ бол миний үндэсний үйлдвэрлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт болог” гэлээ.
Харин ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Үндэсний үйлдвэрлэгчид холбоогоороо дамжуулан лангуу авснаар бараа нь төрөлжихөөс гадна бөөний болон жижиглэнгийн үнээр бүтээгдэхүүнээ худалдаалах юм. Гэхдээ бид ганц том худалдааны төв гэхгүйгээр дүүргүүдэд ч байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв. Одоогоор холбоогоор дамжуулан 50 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрүүд гэрээгээ хийж, нэрийн лангуугаа тохижуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ