Ч.Сайханбилэгт сануулах хэдэн үгс

Ард түмэн өнөөдөр өлсөхөөс илүүтэй шударга ёсоор цангасандаа бухимдаж байна. Цөөхөн хүний зоргоор Засгийн газар байгуулж айл гэр болж тоглохоо боливол яасан юм гэдэг дээрээ тулсан үед шинэ ерөнхий сайдаар тодроод буй Ч.Сайханбилэгт дайх хэдэн үг байна.
Өөрийн тань хэрэг эрхлэх газрыг нь удирдаж асан Шинэчлэлийн засгийн газар шинэчлэхээсээ хуучруулж, муужруулсан зүйлс бишгүй олон бий. Тиймээс өмнөх засгийн алдааг давтахгүй байхыг сануулая. Нэн ялангуяа гуравхан сая хүний эрүүл мэндийг сахин хамгаалах салбарт. Энэ салбар нэгэнт элгээрээ мөлхөж дампуурдгаараа дампуурчихаад байгааг бодит амьдрал тодхон харуулна. Нэг салбарын хоёр сайд нэгнээ гүтгэж, биесээ шүүхэд өгсөн тохиолдол Монгол төрд анх удаа тохиогоод байгаа.
Н.Алтанхуягийн хамгийн том алдаа бол танхимын бус фракц бүлэглэлийн зарчмыг илүүд үзсэнд. Сайдын суудлыг тэдгээр олон фракц бүлэглэлд эн тэнцүү хуваах гэсэндээ нэг яамыг хоёр, гурав салгаснаар яамдын тоо 15 болж нэмэгдсэн.
Энэ нь Засгийн газрын танхимын зарчмыг алдагдуулж, арван хэдэн толгойтой болгосон гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр Эдийн засгийн хөгжлийн яам гээч нь Эдийн засгийн хямралын яам болсон.
Засгийн газрын танхимын зарчим алдагдсаны хамгийн наад захын жишээ нь Сангийн сайд Ч.Улааны Эдийн засгийн хөгжлийн яам хэрэггүй тухай яриагаар ч илэрхийлэгдэнэ. Бодит жишээ гэвэл “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтээс болж Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хөлөө жийлцэн мэдэгдэл гаргахдаа хүрсэн явдал байна.
Ер нь АН засгийн эрхэнд гарахаар фракц, бүлэглэлүүд нь эрх ашгийнхаа төлөө байнгын тэмцэлд орж, үүнээсээ болоод улс орны эдийн засгийг унагадаг уламжлал энэ удаа ч давтагдлаа. Парламентын зарчмыг сайн хадгалж чаддаг намын даргатай болсных, Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалынхаа зарчмыг алдахгүй явбал Монгол төрийн ажил гацаанаас гарах нигуур уг нь бий.
Н.Алтанхуягийн томилгоо хэт их мөнгө, тохиролцоон дээр тогтсон томилгоо байсныг та давтах учиргүй. Таны хэлснээр сайд болгон салбартаа Ерөнхий сайд шиг байх ёстой юм бол Ерөнхийлөгчийн танд захиснаар тэр сайдууд чинь Монголын төлөө өөрсдийгөө золиослох, улс төр биш улс орноо боддог сайдууд байх ёстойг танд сануулах нь илүүц бизээ.
Та чуулганы танхимд хэлэхдээ нэн даруй бэлэн мөнгөний урсгалыг тэтгэж гадаадаас зээл тусламж оруулж ирэх, үүний дотор Хятадын даргын амласан нэг тэрбум ам.долларыг эхний ээлжинд авахыг амласан.
Чингис, самурай бондуудын хэмжээлшгүй их мөнгөн дээр эргүүлж төлөхгүй юм шиг тарвалзаж, бодлогогүй зарцуулсаны харгай үр хүүхдийн тань нуруун дээр хүнд ачаа болон буусныг та мартах учиргүй. Н.Алтанхуягийн засгийн газрын өрийг 20 30 жилийн дараа төлөх багачууд өнөөдөр сургууль, цэцэрлэггүй хэдэн зуун мянгаараа байна.
Тиймээс асуудлын гол нь их мөнгө олж ирэхдээ биш хэрхэн үр дүнтэй зарцуулахдаа байдгийг ард түмэн сайн мэдэж ажиглаж байгаа. Өрөм нь хаачсан нь мэдэгдэхгүй хусам нь үлддэг их мөнгөний чимээ иргэдэд сайныг авчирдаггүйг та ч харсан.
Тиймээс алдаа гаргах эрхгүй асар өндөр хариуцлагатай ажиллах үүрэг таны нуруун дээр ирснийг сануулая.
Х.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ