Хийн халаагуурыг монголчилж болохгүй

Агаарын бохирдлыг үүсгэгч нүүрсний хэрэглээг бууруулах, дулааны улиралд нүүрсний хэрэглээг багасгахад түлхэц үзүүлэх зорилгоор шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээгхэвшүүлэх, түүнийхангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхүүдэд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлыгхэрэгжүүлж эхлээд байгаа. Уг нь манайд цахилгааны түгээлтийг сайжруулъя гэхээр даан ч үйлдвэрлэл нь хангалттай байж чаддаггүй. Тиймээс хийтэй харьцах, ашиглаж сурах дадал зуршлыг иргэддээ нэвтрүүлэх зорилгоор хөнгөлөлттэй үнээр шингэрүүлсэн хий, хийн халаагуур нийлүүлж эхэлсэн.

Ингэхдээ хамгийн түрүүнд салхиныхаа дээр оршдог Улаанбаатар хотын төвд ойрхон гэр хорооллуудыг сонгосон аж. Өөрөөр хэлбэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 5000 орчим өрхөд шингэрүүлсэн хийг туршилтаар нийлүүлж байна.

Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч,энэ сараас эхлэн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдлийг нийлүүлэн ажиллаж байгаа.

“Цэвэр агаар” сангаас тусгай дэмжлэг үзүүлж, сонирхсон иргэдэд шингэрүүлсэн хий, хийн халаагуурыг хямдралтай үнээр өгч байна. Үнэ өртгийн хувьд 30 хувийг иргэд төлж, үлдсэн 70 хувийг нь улсаас хөнгөлж байгаа юм. Ийнхүү иргэд ойролцоогоор 60 мянган төгрөг төлөөд хийн халаагуураа авах боломжтой.

Иргэд газын аюулгүй байдалд хамгийн их санаа зовдог. Газыг хэрэглэхдээ бага насны хүүхдийг хүргэж болохгүйгээс гадна хэрэглээгүй үедээ түгжих ёстой гэх мэт аюулгүй ажиллагаанызааврыг зайлшгүй мөрдөх шаардлагатай. Хий нийлүүлж буй компаниудын тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангасан байгаа. Автомат мэдрэгчтэй учраас аюултай нөхцөлд унтарч, асахгүй.

Тухайлбал, “Юни газ” компанийн нийлүүлж буй иж бүрдлийн хувьд Япон технологийн тоног төхөөрөмж юм. Энэ нь аюулгүй байдлыг хамгийн орчин үеийн дэвшилтэд технологиор хийсэн бөгөөд аюулгүйн хаалт хавхлагыг хийж өгсөн байна. Энэ нь одоо Японы айл өрхүүдийн хэрэглэдэг хамгаалалтын хаалт юм. Хаалт гэдэг нь ямар нэг гэнэтийн осол аваар гараад, газ алдах үед энэ нь автоматаар хаагдаад газыг алдагдуулахгүй хаадаг ажээ.

Ийм тохиолдолд хэрэглэгч дур мэдэн хамаагүй оролдож, монголчилж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Манайхан аливаа юмыг монголчилох чадвартай хэдий ч тэсэрч, дэлбэрэх аюултай төхөөрөмж дээр энэ аргаасаа аль болох зайлсхийх нь амь нас, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.

Одоогоор “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” компаниуд хоёр тэрбум 250 сая төгрөг, “Цэвэр агаар” сан 445 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Компаниуд тендер болон өөрсдийн санхүүжилтээр агуулахын багтаамжаа 2200 шоо метр буюу 1100 тонноор нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж дуусахад хийн агуулахын багтаамж 5000 шоо метр болох гэнэ.

Энэхүү ажлын хүрээнд болон айл өрхүүд сайн дураараа хийн халаагуур, плитка хэрэглэж эхлэхэдцахилгааны үнийн хөнгөлөлт эдэлдэг гэдгийг сануулах нь илүүц буй за.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ