Ажлын хэсгүүдийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр тоот тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахаар товлосон боловч ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй болно. Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлд тусгах санал болон холбогдох лавлагаа, судалгааг албан бичгээр хүргүүлэхээр болов.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллын зардлыг 15,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хуралд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, О.Баасанхүү, Д.Ганбат нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ