Манан бус Гэгээ гэж харъя

Шинэ Ерөнхий сайд томилогдож ажилдаа ороод удаагүй байна. Бусад намуудтай зөвшилцөн ажиллаж хэнийх нь ч хүсэлтийг хүлээж авах болно гэдгээ Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийлээд буй. МАН-ын бүлгээс шинэ засагт орох эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулж улмаар Удирдах зөвлөлөө хуралдуулаад байгаа. Гэх мэтээр шинэ засгийн газар эмхлэн байгуулагдах ажил бага ч атугай урагшилж байна.
Гэвч эдийн засгийн хямрал улс оронд нүүрлэсэн хүнд үед цаг мөч бүр хайран байгаа, ард түмний амьжиргаа хормоор муудсаар байгаа тул бүр ч илүү хурднаар асуудлыг шийдэх шаардлагатай болоод байна. Тэр яамыг манайх авна, энэ яамыг манайх гэх мэтчилэн асуудлаа шийдэж чадалгүй толхилцох тусам хямрал гүнзгийрсээр байгаа гэдгийг улстөрчид ойлголцох хэрэгтэй.
Ер нь нэн даруй Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр зөвшилцлийн засгийн газар байгуулж ажиллах нь энэ гацаанаас хурдан гарах хамгийн зөв гарц л болоод байна. Тэгвэл энэ явдлыг олон нийт "Манан" гэхээс илүүтэй "Манан дундах гэгээ" гэж харах болчихоод байна.
Улс эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болсон эдийн засгийн аюулгүй байдал, чадавхиа нэн даруй дээшлүүлж, ард түмнийхээ амьдралыг бодохын төлөө хоёр нам хамтарсан засаг байгуулах л хэрэгтэй болоод байна.
Ер нь тэгээд Ч.Сайханбилэгийн засгийн газарт МАН орохгүй л бол маргааш нь гэхэд засгийн газрыг огцруулах санал өргөн барина гэх явган шог интернэтээр тархаж байгаа. Хэдийгээр хэтрүүлэгтэй шог яриа боловч тунгаах л асуудал. МАН-ын хувьд мэдээж сөрөг хүчний ажлаа л хийж байгаа.
Тиймээс МАН-ыг буруутгахаас илүүтэй Ардчилсан нам засгаа үлдсэн хугацаанд тогтвортой барихын тулд ийм л гарцыг сонгох хэрэгтэй болжээ.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хувьд тэд хэдийнэ Засагт эвсэж, тэнцэх чадваргүйгээ, итгэл дааж чадахгүйгээ харуулсан хүмүүс. Тиймээс тэдний хувьд "Шударга ёс" гэдэг нэрнийхээ учир утгыг дагаж парламентад сөрөг хүчний байр сууринд үлдсэн нь дээр.
Ингэсэн нь ч дараагийн сонгуулиар тэдэнд ашигтай байрлал авчрах магадлалтай. Ард түмэн засгийн ажил гардан хийсэн нам хүчнүүдэд л дүн тавьдаг, сөрөг хүчинд дараагийн боломжийг олгодгийг өнгөрсөн сонгуулийн үр дүн батлаад өгчихсөн учир.
Тиймээс Ардчилсан нам, Ардын намын эвслийг одоо "Манан" бус "Гэгээ" гэж харах цаг болжээ. 2012 оноос өмнөх хамтарсан засгийн газрыг "Манан"-гийн хэмээх тодотгол дагадаг байсан. Гэвч тэр цаг өөр, энэ цаг ч бүр өөр. Цаг үе нь "Манан" бус "Гэгээ"-г хүсэж эхэлжээ.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ