Х.Намсрай: Цөмийн энергийн судалгаа гэдэг нь хөгжлийн дээд шат

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын Эрдэмтдийн зөвлөлийн төлөөллүүд түүнийг хүлээн авлаа. Тус хүндэтгэлийн хүлээн авалтад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэлж алд цагаан хадгийг цагаан идээний дээжийн хамт өргөн барихдаа ийн хэлэв.

Тэрээр “Манай хамт олны дундаас энэ их хүндтэй шагналыг хүртсэн Шинжлэх Ухааны Академич Хавтгайн Намсрай гуайдаа баяр хүргэе.Энэ бол үнэхээр нүдээ олсон шагнал мөн бөгөөд эрхэм Ерөнхийлөгчдөө маш их талархаж байна. Х. Намсрай маань “Чингис хаан” одонгоор шагнуулсан учраас манай Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд уулзаж, хүндэтгэл үзүүлж байгаа юм” гэж яриагаа эхлүүллээ. Мөн энэ үйл явдал нь өндөр технологийн салбарыг хөгжүүлж, хувь нэмрээ оруулах зөв сайн эхлэл боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хамт олныхоо хүндэтгэлийг хүлээн авч, “ Чингис хаан”-ы одонт Академич Х.Намсрай дараа нь үг хэлэв. “Хамт олондоо их баярлалаа. Миний хийдэг ажил, судалгаа ерөнхийдөө цөмтэй холбоотой. Цөмийн энергийн судалгаа гэдэг нь тухайн улсын хөгжлийн дээд шат гэж болно. ... Манай хамт олонд маш сайхан ирээдүй байна. Гадаад, улс оронд очихоор “танай улсад цөмийн энергийн судалгаа хийдэг үү, цөмийн энергийн байгууллагатай юу” гэх мэтээр асуудаг. ..” Түүний хэлснээр цөмийн энергийн шинжлэх ухаан нь аливаа улсын хөгжлийн нэг төрлийн хэмжүүр, гэж ойлгож болох юм.

Түүний дараагаар ШУА-ийн ФТХ-ийн Нар болон альтернатив эрчим хүчний судалгааны төвийн захирал Б.Чадраа, МУИС-ийн ФЭС-ийн багш Х.Цоохүү, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Их энергийн лабораторийн эрхлэгч, ЦШНИ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн Ц.Баатар зэрэг төлөөллүүд баяр, талархлын үгсийг хэлсэн юм. Түүнчлэн энэ шагнал бол ахмад болон залуу үеийнхний бүгдийнх нь хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг хэлж байв. Тухайлбал, “Хөгжмийн зохиолч Б.Шарав мөн “Чингис хаан” одонгоор шагнагдсан хүн. Түүнтэй хамтарсан урлагийн маш олон хүн байж гэмээнэ тэр хүн цоройн гарч ирж чадсан байж таарна. Түүний нэгэн адил биднийхээ дундаас илүү цоройж чадсан хүн бол Х.Намсрай юм” хэмээн МУИС-ийн ФЭС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа ярисан юм. Харин МУИС-ийн ФЭС-ийн багш Х.Цоохүү хэлсэн үгэндээ:

-Ямар нэг зүйлд насаараа зүтгэхэд ямар амжилтад хүрч чаддагийг харуулсан, хойч үеийнхэнд үлгэр дуурайлал болсон сайхан үйл явдал болж байна ... гэсэн юм.

Тэд бүгд Х.Намсрайг Монгол Улсын хамгийн дээд шагнал болох “Чингис хаан” одонгоор шагнасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байлаа.

Арга хэмжээний төгсгөлд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг товч танилцуулахын сацуу дараах саналыг хэлсэн юм. Тэрээр цалингийн асуудалд сэтгэл дундуур байдаг бөгөөд түүний хүсэлтээр бол наанадаж аливаа спортын тэмцээнд амжилт үзүүлээд ирсэн тамирчдын түвшинд цалингийн бодлого явах ёстой гэж үзэж байна.

Хүлээн авалтын төгсгөлд Эрдэмтдийн зөвлөлийн төлөөлөгчид дурсгалын зургаа татууллаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ