“Хүслийн ном” төсөл хэрэгжиж байна

Энэ оны 4 сард “Миний ном клуб”-ын залуучууд нэгдэж найзынхаа гэнэт тохиолдсон хүнд өвчнийг эдгээх зорилгоор “Уянга” нэртэй хандивын аян өрнүүлсэн билээ. Гэвч харамсалтай нь хандивын аяны үйл ажиллагаа ид дундаа орж байхад Уянга охин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Харамсалтай ч гэлээ асар ихийг хийх бүтээх хүсэлтэй байсан найзынхаа биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилго тавин ажиллаж эхлээд байна. Уянга охины хамгийн том мөрөөдөл өөрийн төрөлх нутаг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд номын сан байгуулж хүүхэд залууст нь номын клуб байгуулах байсан аж. Ингээд тэд номын сан байгуулах талаар судалж Бор-Өндөр цогцолбор сургуулийн номын санг тохижуулан “Хүслийн номын сан” нэртэй номын сан байгуулж, түүндээ номын хандив цуглуулан амь оруулж мөн сурагчдын дунд байгуулагдсан номын клубтэй ч хамтран ажиллаж байгаа юм.

https://www.facebook.com/video.php?v=352814608200956&set=vb.305716529577431&type=2&theater

Энэ удаа “Миний ном” клубын залуучууд хоёр дахь томоохон үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа нь хүслээс хүсэл төрдөг уриатай “Хүслийн ном” төсөл юм. Найзынхаа гэгээн дурсгалд зориулж буй ажил бүр нь давхар нийгэмд чиглэсэн олон эерэг зорилготой. “Хүслийн ном” төслийн хүрээнд тэд нийгмийн бүхий л төлөөллөөс хамруулсан 1000 хүсэл цуглуулж ном бүтээх юм. Энэхүү ном нь хүслээр дамжуулан олон нийтэд тэдний ялгаатай, дахин давтагдашгүй байдлыг мэдрүүлэх, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах, амьдрал нь төсөөллөөс илүү баялаг болохыг, хамгийн гол нь хүсэл мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж амьдрах нь хичнээн чухал болох тухай мессежийг хүргэх зорилготой байгаа юм. Хүсэл цуглуулахдаа тэд 3 үе шат бүхий арга хэрэглэж байгаа юм байна.
1. Электрон шуудан болон Facebook хаягаараа хүсэл хүлээн авах
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асрах газар амьдарч буй хүүхдүүд, алслагдсан дүүргийн иргэдээс тусгай маршрутын дагуу очиж ярилцах
3. Олон нийтийн газруудаар хүсэл цуглуулах хайрцаг буюу “Хүслийн гэрэлт цамхаг”-ийг аялуулан захидлаар хүлээн авах

https://www.facebook.com/video.php?v=741887445902189&set=vb.100002428208363&type=2&theater

Хүсэл цуглуулах хайрцгаа гэрэлт цамхаг болгон бүтээсэн нь мөн нарийн учиртай. Гэрэлт цамхаг гэдэг аялаж буй хүнд алсад гэрэлтэн, зорилго нь ойрхон ирснийг сануулж хүнд итгэл найдвар өгдөг гайхалтай зүйл учраас “Хүслийн ном”-оо ч бас олон хүнд хүсэл мөрөөдлийг нь эргэн сануулж зоригжуулсан “Гэрэлт цамхаг” болоосой гэж хүссэн юм. Хүсэл бүхэн эзэндээ итгэл найдвар, эр зориг авчирдаг. Та хүслийн гэрэлт цамхагт хүслээ илгээхийг хүсвэл Интер номын 1 давхарт 11 сарын 24-нөөс 12 сарын 7-ны хүртэл байрлаж байгаа юм байна.

Мөн husliinnom@gmail.com, https://www.facebook.com/Khusliin.nom хаягуудаар илгээгээрэй.

Холбоо барих: 96557606, 88054912, 99362964

СЭТГЭГДЭЛ БИЧИХ