Баатарлаг охин Н.Азжаргалын арьс хөрсгүй болсон тул хөлдөх аюултай гэнэ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн настай Н.Азжаргал охин хүний өөрийн нийлсэн найман хүүхдийн амийг галаас аварсан баатарлаг үйлс бүтээснийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэрээр гал гарч байх үедэхэлж эгчийгээ цонхоор өргөн гаргаж, дараа нь дүү нарыгаа гаргасан бөгөөд энэ үед өөрөө 40 хувийн түлэгдэлд өртсөн. Ийм баатарлаг үйлс бүтээсэн түүнд монголын ард түмэн хандивын гараа сунгаж, сэтгэл санааны болоод эд материалын тусламжийг одоог хүртэл үзүүлсээр байгаад түүний өмнөөс талархаж байна.
Одоогийн байдлаар Н.Азжаргал охины биеийн байдал гайгүй ч гүн түлэгдсэн тул мах нь ургахдаа нэлээд гүн сорвитой эдгэж байгаа гэнэ. Н.Азжаргал охин есдүгээр сарын сүүлчээр эмнэлгээс гарсан. Харин одоо сар бүр Улаанбаатар хотод ирж эмчдээ үзүүлж, зөвлөгөө авч, эм бэлдмэлээ базаадаг ажээ. Түлэгдсэн шархандаа түрхдэг тос нь 160 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд нэг тосыг ердөө долоон хоног түрхээд дуусдаг гэнэ.
Хүйтний улирал ирсэн болохоор түүнийг хичээлд явахад нь заавал хүн хүргэж өгч, авдаг байна. Учир нь охины арьс ямар ч хөрсгүй болсон тул их амархан хөлдөх аюултай гэнэ. Тэгэхээр маш зузаан хувцаслаж, аль болох унаагаар хүргэх хэрэгтэй болдог талаар түүний эгч ярьсан юм. Охины шанаа, дух нь хүртэл түлэгдсэн болохоор их хүндрэлтэй байдаг нь мэдээж.
Ингээд Н.Азжаргалын эгч Н.Ариунжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дүүд чинь одоо ямар зовиур байгаа вэ? Ямар эмчилгээ хийлгэж байна?
-Миний дүүд одоо өвдөх зовиур ерөнхийдөө байхгүй болсон. Харин шарх нь их гүнзгий болохоор мах нь ургахдаа их л эвгүй ургаж эдгэж байгаа.
-Танайхнаас ажил хийж байгаа хүн бий юу? Эмчилгээний болон бусад зардлаа яаж хүргэж байна вэ?
-Сайхан сэтгэлт ард түмнийхээ буянаар миний дүүгийн бие сайжирч, бид алзахгүй л байна. Ээж маань харааны бэрхшээлтэй болохоор группт байдаг. Харин аав самранд явж хэд гурван төгрөг олдог юм. Харин одоо самранд явахаа болихоор өөр ямар нэг юм хийх байх даа. Уг нь аав маань трактор барьдаг жолооч хүн л дээ.
-Дүү чинь сар болгон хотод ирэх шаардлагатай болдог юм байна шүү дээ. Танайхаас хотод хамаатны чинь хүн байдаг уу?
-Манай холын хамаатных Зүүн салаанд байдаг. Гэхдээ тэднийд очиж байгаагүй. Харин ганц, хоёр хоног буудлаар байрлаж байгаад л ирдэг юм.
-Дүү чинь эмэгтэй хүүхдийн хувьд ямар нэгэн арьс, гоо сайхны мэс засал хийлгэх талаар ярилцаж байв уу?
- “Хаппи Тур” компанийн хүмүүс бидэнтэй уулзсан. Хэрэв биднийг зөвшөөрвөл зургаан сарын дараа Солонгосын эрүү, нүүрний гажигтай хүмүүсийг эмчилдэг эмнэлэгт манай дүүг зуучилж өгч болно гэсэн. Косметик хагалгаа хийлгэж өгөх тухай ярьсан байгаа. Одоохондоо бид шийдээгүй л байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай гэрийхэнд сайн сайхныг хүсье.
Хэдийгээр энэ охин дөнгөж есөн настай балчир ч гэлээ түүний сэтгэл зүрхэнд нь асаж буй тэр их зориг, тэвчээрийг өнөө цагт хэр олон хүн гаргаж чадах билээ. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бурхнаас заяатай хэмээн шүлэг, яруу найрагт бишрэн өгүүлдэг. Тэгвэл энэ охины ирээдүйн төлөө түүнд үлэмж төгөлдрийг биш юм аа гэхэд энгийн цэвэр гоо төрхийг эргүүлэн хайрлах нь шударга буй за.
Олны танил нэгэн эмэгтэй 31 хувийн түлэгдэлтэй, энэ нь амь насанд аюултай, хүнд гэсэн дүгнэлттэйгээр гоо сайхны мэс заслаараа тэргүүлэгч Солонгос орныг зорьсон тухай хүн бүр мэднэ. Тэгвэл 40 хувийн түлэгдэлтэй Н.Азжаргал охины төлөө бид өчүүхэн сэтгэл гаргахад тэр ирээдүйдээ итгэл төгс алхах боломжтой болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ