Хятадын шавар армийн тухай

Хятадын алдарт шавар арми бол эртний тусгаар ханлигуудыг эрхшээлдээ оруулж, нэгдсэн улсаа байгуулан, Их цагаан хэрмийн барилгыг эхлүүлсэн Цинь Шихуандийн бас нэг гавъяа гэж болно.

Тэрээр МЭӨ 259-210 онд амьдарч байсан бөгөөд 246 оноос эхлэн хаанчилсан Цинь угсаат хаадын анхных нь билээ. Түүний угсааныхан нэгдмэл Хятадыг 10 үеийн турш захирах ёстой байсан боловч Шихуандиг таалал төгссөний дараахан нуран унасан гэдэг.

Нэгдсэн Хятад гүрэн байгуулагдсаны дараагаар Сианиас холгүй газар эзэн хааны бунхан барих их ажил өрнөжээ. Хожим нь алдарт шавар дайчдын эх загвар болсон 700 мянган ажилчид болон урчууд энэ ажилд дайчлагдсан байна.

Домогт өгүүлснээр: Эзэн хааны бунхны амар амгаланг хамгаалахаар 4000 дайчин Шихуандийн шарилтай цуг амьдаараа булшлагдах ёстой байв. Гэвч энэ нь ард түмний дургүйцлийг хүргэж болзошгүй байсан тул эзэн хаан амьд дайчдын оронд тэдний шавар хувилбарыг байрлуулахаар болж харин тоог нь 2 дахин нэмэгдүүлж 8000 болгосон юмсанжээ.

Түүнчлэн эртний судруудад Цинь Шихуанди хааныг хэмжээлшгүй их алт, эрдэнэсийн хамтаар оршуулсан гэж бичсэн байдаг. Харин эдгээр эрдэнэс болон хааны алтан сандлыг одоо хүртэл олоогүй байна. Цинь Шихуанди оньсого таалгах туйлын дуртай хүн байсан гэж мөн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс түүнийг өөр газар бунхалсан байгаа гэж зарим эрдэмтэд үзэж байна. Шавар дайчид бол төөрөгдүүлэх гэсэн халхавч төдий байж болох юм. Хэрэв тийм бол Цинь Шихуандигийн бунхны зах хязгаарыг таамаглахад бэрх болох нь ээ.

Дайчдын барималыг сайтар ажиглавал бүгдийнх нь нүүр царай болоод биеийн галбир, өмссөн хувцас нь өөр өөр байдаг нь гайхалтай. Дайчдын өндөр нь 180-190 см, нэг бүр нь 136 орчим кг жинтэй аж. Мөн хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад олон үндэстний хүмүүс байгаа нь Цинь Шихуандийн эзэнт гүрэн өөртөө олон үндэстнийг нэгтгэснийг нотолж буй хэрэг гэнэ.

Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс ажилласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсаар байгаа юм. Бүгд нум сум, сэлэм, жад зэрэг жинхэнэ зэвсэгтэй байсны ихэнхийг нь хожим бослого гаргасан тариачид дээрэмдэн одсон гэдэг. Мөн ноёд, түшмэд, хөгжимчид, дуучид, жүжигчдийн дүрсч олдсон юм байна.

Шавар дайчдыг Хятадын олон муж дүүрэгт хуваарилан урласан гэдэг. Бэлэн болсон шавар барималуудыг 1000 хэмийн халуун зууханд шатааж, шаазан мэт уран нарийн хийцтэй, бат бөх болгоно. Дараа нь маш тод өнгөөр будаж янзалдаг байсан аж. Гэвч малтлага хийх явцад салхи үзсэн барималуудын өнгө нь бүдгэрч алдагджээ.

Уран барималын энэхүү цогцолбор нь дайчид зогсох 2 талбай, удирдлагын талбай, гадаад орчинтой холбосон хонгил гэсэн 4 хэсгээс бүрддэг. Бунхны хэмжээ нь Цинь хааны хаанчлалын үеийн Хятад гүрний сүр хүчийг нотлон харуулах зорилготой гэдэг. Энэхүү бунхан, түүний шавар армийг 1974 онд худаг ухаж байсан нэгэн тариачин эр санаандгүй байдлаар илрүүлснийг археологичид судалж баталгаажуулжээ. Ийнхүү 20-р зууны хамгийн агуу нээлтүүдийн нэг болсон юм.

Ухаж ил гаргасан 7000 цэргийн хамт 4 морь хөллөсөн байлдааны тэрэгнүүд ч бий гэнэ. Одоогоор малтлага хийж буй газарт эртний бүхэл бүтэн хот-музей босоод байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ