Ардын нам зургаан яамыг авна

Өнгөрсөн сард шинэчлэлийн засаг унаж, дараагийн засаг эмхлэгдэх гэж багагүй хугацаа өнгөрсөөр байна. Ямартай ч одоогийн байдлаар Ардын намд хожоотой хэдий ч ард олонд тустай шийдлээр засаг байгуулагдах нь тодорхой боллоо.
Бүрэн эрхийнхээ талд орж байгаа энэ удаагийн УИХ-д сөрөг хүчний үүрэг хоёр жил гүйцэтгэж буйдантай суултаас хэтэрдэггүй байсан МАН-ын сум энэ удаа байндаа тусав бололтой.
М.Энхболдын толгойлсон Ардын нам сөрөг хүчний суудлаас эрх баригчдын эгнээнд шилжиж байгаа нь яахын аргагүй тэдэнд том оноо авчирч байгаа юм. Одоо МАН-ын оролцоотой байгуулагдсан Засаг ард түмний амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн хямралаас өндийлгөж чадвал бүр ч том оноо авах боломжтой.
МАН-ын зүгээс засагт эвсэх хүсэлтэд санал тоолох автомат хар машинаас татгалзах санал тавиад байсан. Тэгвэл энэ шаардлагад АН-ын зүгээс саналыг машинаар тоолдгоороо тоолж маргаан үүссэн нөхцөлд гар аргаар тоолох болзлыг тавьж МАН-ынхан ч зөвшөөрснөөр гол тохироо бүрджээ.
Үүнээс гадна МАН-д шинэ засагт 6 яамыг шадар сайдтай нь өгнө гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Сар гаруйхны өмнө зарим яамдыг татан буулгаж хооронд нь нэгтгэж эмхлэхийг УИХ-аар баталсан. Тэгвэл үүнийг Ч.Сайханбилэг дахин өөрчлөх бодолгүй байгаа бололтой. Тэгвэл Н.Алтанхуягийн дахин эмхэлсэн бүтцээр 13 яам, 3 сайд буюу нийтдээ 16 сайдын албан тушаалаас зургааг нь МАН-д өгч үлдсэнийг нь Ардчилсан нам тогоон дотроо хуваах бололтой.
Хуулинд заасан хугацаагаараа бол энэ долоо хоногт багтаж Засгийн газрын бүтцийг чуулганаар батлуулах ёстой. Ингээд араас нь квот авсан намууд сайд нараа тодруулснаар сая нэг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажлаа эхлэх бололтой.
Мэдээж хэрэг үлдсэн хугацаанд хоёр Энхболд хамтарч улс эх орныхоо төлөө хүчин зүтгэх болж байгаа нь нэг бодлын баярлууштай явдал билээ.
Гэхдээ Ардчилсан намын хувьд сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед засгаа унагаж, төрийн ажлыг ч гацаан, ард түмний амьжиргааг улам доройтуулснаар "хасах" оноогоор дүгнэгдэхэд ч ойрхон ирж байна. Ийм хүнд цаг үед намын даргын суудалд суусан З.Энхболд эрхмийн удирдлага дор Ардчилсан нам хэрхэн алдаандаа суралцаж оноо авч чадахыг харах үлдлээ.
М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ