МАН-ын хаалттай хаалганы цаадах үйл явдлаас

МАН-ын Бага хурал хэвлэлийнхэн болон олон нийтэд хаалттай болсон. Хэдийгээр Бага хурлын гишүүдийн дийлэнх нь Засгийн газарт орж ажиллахыг дэмжсэн гэх мэдээллийг өгч буй ч энэ шийдвэр тийм амар гараагүй бололтой. Хаалттай хаалганы цаана болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газарт МАН орж ажиллахыг хатуу эсэргүүцэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл Бага хурлын үеэр энэхүү байр сууриа хамгаалжээ. Хурлын дүрэм ёсоор нэг төлөөлөгч дээд тал нь таван минутын хугацаанд үгээ хэлэх ёстой. Харин Ц.Нямдорж гишүүн энэ хэмжээг нэлээн хэтрүүлж, хатуухан үг чулууджээ.Тэрбээр “Ардчилсан нам ядрахаараа л биднийг түшдэг. Задрахаараа хөөж гаргадаг. Барьж хорьдог, байцааж шалгадаг. Бүтэн жил УИХ-д бүлэг байгуулж өгөхгүй зовоосон. Хамтаръя гэж орж ирчихээд хаяад л явсан түүхтэй, хүн чанаргүй, барьцгүй хүмүүс” хэмээсэн байна. Хурал зохион байгуулагчид хугацаагаа баримтлахыг сануулсан ч танхимаас түүнийг үгээ дуустал яриулах боломжийг олго хэмээн дэмжсэн гэнэ. Ханатлаа үг хэлсэн Ц.Нямдорж хаалга саван гарч одоход, С. Баяр түүнийг аргадахаар араас нь гарсан байна.

-Эсэргүү байр суурийг илэрхийлсэн дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл. Тэр Ц.Нямдорж гишүүний нэгэн адил байр суурь илэрхийлж, мөн л түүнийг хэн нэгэн нь аргадсан сурагтай. Ахмад гишүүд ийнхүү уурлах болсон нь намын залуучууд “2016 оны сонгуульд нэр дэвшихгүй хөгшчүүдээр улс төр заалгаж яах юм” хэмээн хэлсэнтэй холбоотой аж.

-МАН Засгийн газар торох Ардчилсан намын саналыг хүлээж авсан тохиолдолд хэрхэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрчээ. Тухайлбал сонгуулийн саналыг автомат машинаар тоолох ч бүх хэсгүүдэд хяналтын гар тооллогыг заавал хийхээр болжээ. Хэрэв автомат болон гар тооллогын дүн зөрсөн тохиолдолд хяналтын тооллогоор баталгаажуулахаар тохирсон гэнэ.

-Сонгуулийн тойргийн хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөллийг тавин хувиас дээш байлгах талаар санал нэгдэж.

-Мөн Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр намын санхүүжилтээр оролдохгүй. Тухайлбал 2012 оны сонгуулиас хойш МАН-ын мэдэлд байсан Залуучуудын соёлын төв, Лениний музей зэрэг объектуудыг шүүхийн шийдвэрээр төрийн өмч болгосон. Тэгвэл цаашид МАН-ын аливаа өмчөөр оролдохгүй байх ам тангаргийг Ардчилсан намаас авснаа Бага хурлын гишүүдэд дуулгажээ.

-Бага хурлын өмнөх өдрийн орой хуралдсан Ажлын хэсгийнхэн Ардчилсан намын дарга З.Энхболдыг “орноос нь босгосон” сурагтай. Учир нь Хөвсгөл, Дорнод зэрэг аймгууд одоо хүртэл албан ёсны удирдлагагүй, олонхи болсон МАН-ын Засаг дарга нарыг баталгаажуулахгүй байгаатай энэ хэрэг холбоотой. Тиймээс эдгээр аймгийн Засаг дарга нарыг МАН-аас томилуулна гэсэн ам өчгийг Ардчилсан намын даргаас авч байж, Бага хурлаа хуралдуулсан гэнэ.

-Орон нутгаас Дархан, Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь, Увс, Өмнөговь зэрэг аймаг болон нийслэлийн Бага-хангай, Багануур дүүргийн Бага хурлын гишүүд Засгийн газарт хамтрах талаар эсрэг байр суурьтай байжээ.Тухайлбал Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нар Ардчилсан нам олонхи болонгуутаа өөрсдийг нь шалгаж, хорьсон явдалд гомдолтой байдгаа хэлсэн байна.

-Ө.Энхтүвшин Ардчилсан намын саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн ч Шадар сайдын суудал өгвөл бодолцож үзэх тухайгаа Бага хурлын гишүүдэд дуулгажээ.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Бага хурлын гишүүдэд хандан илгээлт ирүүлсэн. Уг илгээлтэд “Монгол Улсын 28 Ерөнхий сайдын 22-ыг нь буюу дийлэнх олонхийг төрүүлсэн намын Бага хурлын гишүүд та бүхнийг мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэсэн хэсгийг унших үеэр Бага хурлын гишүүд баясгалантайгаар инээлдсэн гэнэ.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ