Шударга ёс эвсэлд өгөх шударга зөвлөгөө

Манжин байхад махаар яахав гэгчээр МАНАН бий болоход МАХН-аар ч яахав дээ. Монгол Ардын намынхан 31-ний үдэш оргилуун дарсаа буудуулахдаа олонхийн засгийн газрыг унагаж нэмэх оноо авсандаа биш “Шударга ёс” эвслийг задлаж Н.Энхбаярт хариуг нь барьж чадсандаа илүүтэй хундаганы үг хэлэхээр болоод байна.
Учир нь засагт хэд хэдэн сайдтай байхдаа л хөлөө гэдсэндээ жийлцэж байсан МАХН-ынхан МАНАН бий болох сургаар бүр ч ихээр бухимдаж хөл толгойгүй хуваагдаж байгаа сурагтай. Эвслийн бүлгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр “МАХН засагт орохгүй” гэж хэвлэлүүдээр үг дайсан бол О.Баасанхүү тэргүүтэй зарим гишүүд нь тийм тохиролцоо гараагүй хэмээн мөрөө хавчиж явна.
Н.Энхбаярын ааруул, ээзгий эргүүлж ирэхдээ намынхаа удирдах зөвлөлөөс хусаад хаячихсан хэд нь ч эргээд энхрий хайрт МАН руугаа гүйхэд бэлэн байгаа сурагтай. Ийм л хүмүүсээр шадар туслахаа хийсэн Н.Алтанхуягийн засаг унахаас ч яахав гэж бодмоор.
Хоёр Энхболдын өнгөн дээр хамтарч байгуулах засагт Н.Энхбаяр л дутах вий гэж сануулах хүмүүс ч бишгүй олон байгаа гэнэ. Ингээд бодохоор ард түмэн ч, АН МАН ч Н.Энхбаярын намынхнаас залхсан бололтой.
Яг ийм цагт нам нийлж сэм хуйвалдах гэсэн эрх баригчдын санаархлыг тас цохиж, үүрэг хариуцлагыг нь сануулж өгдөг сөрөг хүчин парламентад үгүйлэгдэх болно. Тиймээс “Шударга ёс” эвсэл МАНАН үүссэн цагт сөрөг хүчин болно гэж эрс шулуухан мэдэгдээд байгаа гурван бие даагчаас үлгэр жишээ авч сөрөг хүчний байрлалд шилжих хэрэгтэй юм.
Нэгэн цагт Ардчилсан намын удирдлага явсан М.Энхсайханы хувьд ямар ч үед хожоотой, ашигтай нүүдэл хийхийг урьтал болгодог нэгэн. Тиймээс тэрээр засагт багтаж, эвслээ орхихыг ч үгүйсгэхгүй.
Гэвч парламентад суудалтай бусад намуудтай хамтрах Ардчилсан намын ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүн “Суудлынх нь тоогоор хуваарилж сайдын квотыг намуудад өгнө” хэмээн мэдэгдсэн нь сандал ширээнд хэзээний дуртай зарим нөхдийнх нь хорхойг гозолзуулаад орхиж. Сандал ширээтэй л болж байвал юугаа ч худалдахаас буцахгүй нөхөд үүгээр түүгээр бишгүй байгаа нь энэ намыг ийн талцаж хуваагдаж, нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй эвслээ ч задлах хэмжээнд хүргэжээ.
Уг нь хоёрын хооронд хоёр сайдтай сууснаас сөрөг хүчний дүрд тоглосон ирээдүйгээ харсан ч, ирэх сонгуулийн үүдэнд ард түмнээс нэмэх оноо авахаа бодсон ч МАХН энэ засагт орох хэрэггүй юм.
Парламентын зарчмаа бодсон ч тэр, АН, МАН эвсээд ирэхийн цагт сүүдэрт нь тоглодог нам дамжсан олигархуудын санаархлыг тас цохих хүмүүс үгүйлэгддэг туршлагыг бодсон ч тэр "Шударга ёс" эвсэл задралгүй үлдэж энэ засагт сүүдрээ ч тусгалгүй орхиод сөрөг хүчин болохыг ард түмэн хүсэж байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ