Юнивишн гэж мэддэггүй байсан бол архичин хүн гэж бодох байлаа

Дэлхийн улс орны хөгжлийг дагаад Монгол Улсын хэмжээнд IPTV үйлчилгээ нэвтэрч утас интернэт, телевизээ нэг дороос авах боломж нээгдэж ард биднийгээ баярлуулж байсан цаг саяхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэхүү үйлчилгэээний талаар гомдоллосон хэрэглэгчийн асуудал сошиал ертөнцөд тасрахаа болилоо. Жишээлбэл, доорх мэтийн гомдол маш олон харагдах юм билээ.

“Юнивишн” гацаад байна гэх гомдол тасрах нь битгий хэл улам л нэмэгдэх болсныг бүх л хүн нүдээр харж, чихээр сонсч байгаа. Хэрэглэгчид нь бухимдлаа барьж дийлэхгүй, арга ядахдаа “Танайх үнэхээр үйлчилгээний наад захын соёлгүй юм. Утас руу нь залгаад ч утасаа авахгүй”, “Хоёр өдөр тасарсан. Тэгсэн хэрнээ төлбөрөө бүрэн авдаг ийм тогтолцоотой улс зөвхөн манайх л байхдаа” гэсэн байх юм.

Үнэндээ гурвалсан үйлчилгээ гээд байгаа гурван найз маань интернэтийн урсгал дээр суурилдаг гэдгийг хүмүүс нэг их ухаж ойлгож, судалдаггүй. Энгийн үгээр тайлбарлавал, та интернэтээр зурагтаа үзэж, интернэтээр утсаар ярьж байна гэсэн үг. Тэгэхээр интернэт тасарвал таны зурагт, утас бүгд таг болно. Та зурагт биш зураг үзэх болно. Ингээд та бид дахиад л стрестэж эхлэнэ шүү дээ. За тэгээд дуудлага өгнө. Дуудлага өгчихөөд “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдгийн үлгэрийг биеэр амсана. Уг нь үйлчилгээний байгууллага асуудал гарсны дараа араас нь хөөх биш болзошгүй эрсдлүүдийг урьдчилан тооцоолж ажиллах ёстой байлтай. Гэтэл “Юнивишн” тасраад хэдэн цаг болсоны дараа “Эрхэм хэрэглэгч танаа, техникийн саатал гарч үйлчилгээ доголдсонд хүлцэл өчье. Манай инженерүүд шалтгааныг тодруулан ажиллаж байна. Юнивишн” гэсэн үгтэй захидлыг утас руу нь илгээдэг гэсэн. Энэ үед хэрэглэгчдийн олонх нь утсаа аваад шидмээр санагддаг гэх юм билээ.

Үнэндээ Монголдоо шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаад нь хүлээцтэй хандаж, алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрдөг олон хэрэглэгч бий ч үйл ажиллагаагаа эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байхад гомдолдоо дарлуулж, өсч өндийж чадахаа больсон бололтой.

Шугам сүлжээний хувьд ч асуудал дагуулсан хэвээр. Тодруулбал, ямар нэг орон сууцанд шугамаа оруулахын тулд багцалсан олон утас татдаг учраас байрны давхар хооронд өрөмдөж цоолдог байна. Үүнд нь хэрэглэгчид болон байрны СӨХ-ныхон бухимдалтай байдаг гэсэн. Гэхдээ “Юнивишн” энэ асуудлыг хялбархан шийддэг сурагтай. Мэдээж нөгөө хээл хахуулыг ашигладаг юм гэсэн. Тиймдээ ч ямар нэгэн шинэ байранд “Скаймедиа” биш, “Сансар” биш “Юнивишн”-ий шугам сүлжээ хамгийн түрүүнд нэвтэрчихээд байгаа нь нууц биш. Иргэн хүн хэдэн жилийн өмнө хүссэн, үзэх дуртай кабелийн телевизийн шугамыг оруулах дуртай үйлчилгээгээ авдаг байсан бол одоо бол өөр болсон.

Энэ нь хэдэн үгээр хэлэх юм бол юнивишн компанийн рекламны гол хөшүүрэг, уриа үг болох “Татгалзах аргагүй санал” юм. Хэрэглэгч ганцхан юнивишн компанийг л сонгох үүрэгтэй өөр ямар ч сонголт гэж байхгүй гэсэн үг юм. Үүнээс болоод интернет, кабелийн телевиз үзүүлэгч компани тухайн байрны СӨХ хоёрын дунд үл ойлголцолд хүрч энэ дунд хэрэглэгчдийн эрх ашиг маш ихээр зөрчигддөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Юнивишн”-ийг сонгох хүсэлгүй хүн, эсвэл татгалзах хүсэлтэй хүн байхад тэр энэ асуудлаа өөрөө мэдээд шийдэх боломжийг нь “Юнивишн” СӨХ-той нийлээд боочихдог аж. Уг нь СӨХ нь өөрөө хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлж, тухайн байрны хэрэглэгчдийг ямар кабелийн телевиз үзэх эсэхийг тооцож, оршин суугчид дурын кабелийн телевизээ үзэх, сонгох эрх чөлөөгөөр хангаж өгөх ёстой байлтай. Гэтэл хахуулдагч, хахуульд эрх үүргээ уландаа гишгэгчдийн гайгаар хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөөр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ