Их аварга Хакухогийн амжилтын нууцаас

Японы Мэргэжлийн Сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал 11 сарын Кюүшю башёд 32 дахь түрүүгээ авсан. Ингэснээр сумо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь Их аварга Тайхогийн түүхэн амжилттай зэрэгцэх болов.

Их аварга Тайхо нь 1971 оны нэгдүгээр сарын башёд 32 дахь түрүүгээ авч, дээд амжилтыг тогтоож байжээ. Кюүшю башёгийн хоёр дахь өдөр /11 сарын 10/ Их аварга Хакухо Аминишикитэй барилдахдаа баруун хөлөндөө бэртэл авчээ.

Гэвч барилдаанаа завсарлалгүй Кюүшю башёгийн дэвжээнээ барилдсаар байв. Хакухо М.Даваажаргалын том бэртэл авахгүй, башё өнжихгүй барилдаж буй нь түүний амжилтын гол үндэс гэж Сумогийн холбооны удирдлагууд болон Ояката нар /дэвжээний эзэд/ санал нэгдэж байгаа аж.

Тэрээр 82 башёд барилдах явцад 2 хоног л өнжсөн байдаг байна. Мөн аварга болсноос хойш 7 жил завсарлалгүй барилджээ. Хориос дээш удаа түрүүлсэн аваргуудаас Асашёрү 76 хоног, Их аварга Таканохана 200 хоног барилдалгүй, завсарлаж байсан гэсэн мэдээ байна.

Хакухо аварга Япон Улсад ирж байхдаа 60 кг хүрэхтэй үгүйтэй жинтэй байсан бол, өдгөө 192 см өндөртэй, 157 кг жинтэй болжээ.

Япон улсын Спортын анагаах ухааны судалгааны төвөөс дээд зиндааны сумочдын дунд хийсэн судалгааны мэдээлэлд: “Монголын гурван аварга анх сумод хөл тавихдаа 80 кг орчим жинтэй байсан бол 12-13 жилийн дараа 130-150 кг болж нэмэгдсэн” гэжээ.

Их аварга асан Чиёнофүжи: “Хакухогийн булчин нь уян хатан, зөөлөн шинжийг агуулсан бөгөөд эдгээр шинж тэмдэг нь сумогийн үндсэн дасгалуудаар бий болсон учир бэртэл бага авна.

Сүвээний булчингаа гэмтээгээд башё өнжих аюул тулгарч байсан ч тэр биеэ дайчлан хичээсээр, амжилтаа ахиулан 32 түрүүний ард гарлаа” гэж үнэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ