А.Мэндбаярын ялын шийдвэрийг хэвээр үлдээлээ

Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” баарны гадна иргэн Э автомашиндаа зургаан удаа буудуулж, амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө гарсан. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тодруулбал, хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж, шүүгдэгч А.Мэндбаярыг чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн.
Гэвч талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой гэж үзээд Дээд шүүхэд хандсан юм. Тиймээс өнөөдөр болсон шүүх хурлаар түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын шийдвэрийг хэвээр үлдээхээр болжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ