Аюул дагуулсан 12 дугаар сар

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас иргэдэд хандан анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс өнөөдөр “Аюул дагуулсан 12 дугаар сар” сэдвээр мэдээлэл хийлээ.

Монгол улсын хэмжээнд 95 орчим аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байна. Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлт гарчээ. 2013 оны статистик тоо баримтаар 7823 дэлгүүр согтууруулах ундаа борлуулдаг аж.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл хүнийг байнга дагадаг. Аливаа баяр хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв, аюулгүй зохион байгуулах, тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байгааг санууллаа.

Улаанбаатар хотод өнгөрөгч оны 12 дугаар сард зам тээврийн нийт 3697 осол гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас зургаан хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.

Согтуугаар үйлдэгдэж буй зам тээврийн осол хэргийн тоон үзүүлэлт

Түүнчлэн зөвхөн жолооч согтуугаар автомашин жолоодохоос гадна явганаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж зам талбайд осгох хөлдөх, халдлагад өртех, гэмт хэргийн золиос болох зэрэг байдлаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ