Нэг нь л Монголын сайд...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өчигдөр өргөн барилаа.
Шинэ засгийн газар өмнөхөөсөө ч данагар бүтэцтэй болсон нь эндээс харагдаж байгаа юм. Н.Алтанхуягийн засгийн газарт 13 яам, 16 сайдтай үйл ажиллагаа явуулж улмаар ерөнхий сайд асны засаг шинээр эмхлэх төлөвлөгөөнд үүнээс ч бага бүтэцтэй болгон УИХ-аас баталсан билээ. Тэгвэл Ч.Сайханбилэгийн засгийн газарт 15 яам, 19 сайд ажиллахаар болж байгааг энэхүү өргөн барьсан хуулийн төслөөс харж болохоор байна.
Ямартай ч удаан хугацаанд хүлээгдэж байсан “Шийдэл”-ийн засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ өргөн барилаа. Харамсалтай нь өмнөх засгийн алдаа гэж нийтэд зарлагдаж, тэрхүү алдаагаа засах гэж бүтэц бүрэлдэхүүнээ багасгаж байсныг буцаан томруулсан байна.
Өмнө нь хийгээд буруу юм гэж тодорхойлоод засахаар оролдсон зүйлээ шинэ ерөнхий сайд маань анхны шийдвэрээрээ л буцаагаад улам ч дордуулж орхилоо.
Бүтэц бүрэлдэхүүн улам том болж данайсны шалтгаан тодорхой. УИХ-д суудалтай бүх намууд эвсэж засгийн газар байгуулахаар болж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа бөгөөд эхий нь эцээж тугалы нь тураахгүйн тулд бялууныхаа хэмжээг томруулахаас өөр арга АН-д олдсонгүй бололтой.
15 яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байх бөгөөд бусад 11 нь чиглэлийн яамд байх гэнэ. Эдгээр яамд болон сайд нараас 10 сайд нь Ардчилсан намынх, зургаа нь Ардын нам, гурван сайд МАХН-аас байх төлөвтэйгөөр намууд зөвшилцсөн сурагтай. Мөн эх сурвалжийн мэдээллээр ерөнхий чиг үүргийн яамдаа Ардчилсан нам өөрсдөө барих гэнэ.
Дээр дурдсанчлан тугалыг нь тураахгүйн тулд аргаа барахдаа Монгол улсын сайд гэх мэт албан тушаал шинээр гаргасан нь анхаарал татна. Бусад нь Монгол улсын сайд биш гадаадын сайд юмуу гэмээр нэршлээсээ авахуулаад маапаантай энэ суудалд заларсан эрхэм нь тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх гэнэ. Хийх ажил нь хүртэл илүүц шахуу.
Ардын намын зүгээс засгийн газрын бүтэц гарсантай холбогдууланэсрэг байр суурь илэрхийлсэн байна. Тэд парламентад сөрөг хүчин болж ажиллахдаа л Засгийн газрын бүтцийг хэт том байна хэмээн шүүмжилж ирсэн. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийг тануулж чадсан билээ. Тиймээс Ч.Сайханбилэгийн бүтцийг эсэргүүцэх бололтой. Гэвч энэ эсэргүүцэл нь үнэндээ жүжиг төдий зүйл гэхэд хилсдэхгүй бизээ.
Төрийн толгой улам томрох болсны бас нэгэн шалтгаан нь үнэндээ тэд өөрсдөө бөгөөд нэг хөлөөрөө нөгөө хөлөө дэгээдэж байгаагаас ялгаагүй зүйлийг МАН хийцгээж байна. МАХН-ыг энэ засагт сүүдэргүй болгохын төлөө энэ тоглолтуудыг МАН-ын зүгээс хийж буй боловч ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, эдийн засгийн хямрал сүүдрээ уртасгасаар байгааг тэд санах цаг болсон. Төрийн гацаа, эдийн засгийн хямралтай шинэ оны босгон дээр ирээд буй, араас нь монголчуудын байдгийг тэмтэрдэг цагаан сар зэрэг нүсэр баярууд ойртсоор байгаа мөчид Засгийн газрыг нэн даруй бүрэн хүчээр нь ажилд нь оруулах л шаардлагатай билээ.
Х.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ