Тувагийн хилчин монгол малчин руу магазин сум дуустал бууджээ

-“БУУГ НЬ БУЛААЖ ЗУГТСАН ТУЛДАА АМЬД ГАРСАН” ГЭЖ МЭДҮҮЛСЭН БАЙНА-

Өнгөрсөн сарын 8-ны өдөр Тувагийн газар нутагт монгол малчидтай холбоотой нэгэн хэрэг гарсан байна. Нутгийн иргэдийн мэдээллэж буйгаар, хэрэг гарсан өдөр Увс аймгийн Тэс сумын малчин Г.Ө, Д.Б нар ОХУ-ын хил давж, Тувагийн нутагт хөл тавьжээ. Тэд замдаа хоёр хилчинтэй тааралдаж, улмаар зугтсан байна.

Малчин Д.Б морины сайнаар зугтаж амжжээ. Нэг хилчин нь мориноосоо унаж ард хоцорсон байна. Хөөцөлдөөн дунд Г.Ө-гийн морийг орос цэрэг буудан унагажээ. Тиймээс түүнд хаашаа ч зугтах боломж олдоогүй аж.

Тувагийн хилчин мориноосоо бууж нэг магазин сум дуустал Г.Ө-гийн хажуугаар буудсан байна. Түүнийг буугаа дахин сумлахаар зэхэх үед морь нь гэнэт алдуурчээ. Энэ үед Г.Ө тува хилчний бугуйг хальт зүсээд, бууг нь булаан авч зугтжээ. Хилчин араас нь хөөсөн боловч гүйцэж чадалгүй Монголын хил давуулсан байна.

Хэрэг гарсан өдрийн маргааш Улаанбаатар хот болон тус аймгийн тагнуулын албаныхан очиж хил давсан хоёр иргэнийг баривчилжээ. Улмаар ОХУ-ын талтай уулзаж тэдний талаар ярилцсан байна.

Албаны эх сурвалжийн хэлснээр, Монгол Улсын иргэн Г.Ө-д 6 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрээр хэргээ хүлээж, 14 хоног мөрдөнд суугаад батлан даалтаар гарсан байна.

Г.Ө мэдүүлэгтээ “Аргагүй хамгаалалт байсан, нэг магазин сум дуустал буудаад, дахин нэг магазин гаргаж ирээд цэнэглэх гэхэд нь би амжиж бугуйг нь хутгалаад, бууг нь булааж зугтсан. Хэрвээ тэр цэрэг буугаа дахиад сумласан бол би аль хэдийнэ газар дээрээ өнгөрөх байсан. Бууг нь булааж зугтсан тулдаа амь гарсан” гэжээ.

Орос цэрэг хөнгөн шархтай тул Тэс сумын төв дээр ирж хэрэгтнийг таниулах үйл ажиллагаанд оролцсон байна. Малчин Д.Б-гийн хувьд мөрдөнд байгаа бөгөөд хараахан батлан даалтад гараагүй байгаа аж.

Бид нутгийн иргэн н.Жамбалаас энэ хэргийн талаар тодрууллаа.

-Танайх хаахнуур өвөлжиж байна вэ? Хилд ойр уу?

-Оросын хилийн наахнатай амьдарч байна.

-Саяхан танай нутгийн хоёр малчин хил зөрчиж, Тувагийн хилчдэд баригдсан мэдээлэл байна. Танд сонсож дуулсан зүйл байна уу? Яг юу болсон юм бол?

-Тийм хэрэг сонсогдож байсан. Ахад нь тодорхой сайн мэдээлэл алга. Хууль бусаар хил даваад, баригдуутаа зугтсан гэсэн.

-Монгол малчдын нэгд нь 6 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг үнэн юм уу?

-Манай нутгийнхан л тэгж яриад байгаа юм. Нэг нь хоригдоод, нөгөө нь батлан даалтад гарсан юм билээ. Г.Ө-гийн хувьд манай хамаатны хүүхэд. Аргагүй хамгаалалт байсан л гэж хэлсэн байсан.

-Тувагийн хилчин малчны хоёр хажуу руу ээлжилж буудаад байсан гэсэн. Яаж оногдчихоогүй юм бол?

-Заяа тавилан түшээ байлгүй дээ. Буун дуу хааяа дуулдаж л байдаг. Ер нь тува нар нэлээн зэрлэгдүү. Малын хулгайчид нь хил зөрчиж орж ирээд, хоттой хонийг нь хураагаад аваад явчихсан тохиолдол бий. Мөн “Гарч ирвэл буудна шүү” гэж буу тулгаж, гэрийнх нь хаалгыг гадаас нь түгжээд, малыг нь туугаад явчихдаг байдаг юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ