Ирээдүйн сонголт төмсний эрчим хүч

Төмсний тухай хамгийн анхны төсөөллөө хэлээч гэвэл хүмүүс олон төрлийн сайхан амтай хоолны тухай бодох байх. Нухсан, чанасан, шарсан болон амтат төмс гээд л олон янз. Төмс нь хүнсний ногоонууд дотроо /гэр бүлдээ/ нэлээд ач холбогдол багатай, зарим оронд зөвхөн ядуусын хоол хэмээх тааруухан нэр зүүдэг царай муутай ногоо. Гэхдээ энэ царай муутай ногоо ирээдүйд хүн төрөлхтөнд хэчнээн их хөрөнгө оруулалт хийх боломжтойг хүмүүс хараахан мэдээгүй байгаа.

Сүүлийн хэдэн жилийн дотор Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэмтэн Рабинович болон түүний багийнхан төмснөөс эрчим хүч гарган авч болох тухай нухацтай судалж байна. Төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбоод түүнээс гарсан цахилгаанаар лед гэрлийг ч асаах чадалтай эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон бөгөөд үүгээр алслагдсан хот тосгонуудыг ч гэрэлтүүлэх боломж ойр байгааг эрдэмтэд хэлж байна.

Цаашлаад төмсний эрчим хүчийг ашиглаж чадвал дэлхий дахины хэрэглээ болсон ч болохоор байгаа гэжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар жирийн л төмснөөс лед гэрлээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүч гаргаж авах боломжтой гэж тооцоолоод буй.

Хэдийгээр сонсоход тэнэглэл мэт сонсогдож байгаа ч гэсэн энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Магадгүй тун ойрын ирээдүйд төмснөөс гаргаж авсан эрчим хүчийг хэрэглэж эхэлж мэдэх юм. Рабиновичийн ахалсан багийнхан одоогоор ахлах сургуульд физикийн хичээл зааж байгаа бөгөөд зай хураагуурын хэрхэн ажилладаг талаар судалж байгаа гэнэ.

Ингэхдээ органик материалаас эрчим хүч гарган авч аливаа зүйлийг цэнэглэх боломжийг судалж байгаа аж. Ийнхүү хийгдэж байгаа олон судалгаануудын нэг нь төмс байсан нь гарцаагүй. Органик бүтээгдэхүүнийг цайр болон зэс утсаар холбож, хими болон физик аргаар эрчим хүч хуримтлуулах замаар энэ туршилтууд нь хийгдэж ирсэн байна. Металл утсуудыг төмстэй холбож төмснөөс гарах шүүс нь зэс болон цайртай эсэлдэхэд химийн урвал явагдаж улмаас үүнээс эрчим хүч үүсдэг байна.

Гэхдээ энэ замаар эрчим хүч гаргаж авах тухай анх 1780 онд Луижи Галвани олж мэдэж байжээ. Анх органик биетээс эрчим хүч гарган авахдаа Луижи мэлхийний хөлийг зэс утастай холбож үүнээсээ эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон байдаг ажээ. Мэлхийний хөлний огцом хөдөлгөөнөөс нь эрчим хүч ялгарч байсныг тогтоосон хэрэг. Үүнээс хойш зөвхөн хөдөлгөөний эрчим хүчнээс гадна давстай уснаас ч эрчим хүч гаргах боломжтойг олж мэдсэн тул эрчим хүчний энгийн үүсвэрүүд хаанаас л бол хаанаас гарч болохыг мэдсэн байдаг.

Харин төмсний тухайд Рабинович 2010 оноос хойш Калифорнийн их сургуулийн докторын ангийн хэсэг оюутнуудын хамтаар илүү их эрчим хүч гарган авах талаар судалж эхэлжээ. Тэд туршилтандаа одоогийн байдлаар 20 орчим төрлийн төмс хэрэглэж үзээд байгаа гэнэ. Ингэхдээ төмсийг найман минут буцалгаж улмаар амьд эсүүдийг нь багасгаж ялтсуудтай урвалд оруулах замаар эрчим хүч гаргаж авах гэнэ. Чанасан төмсөө тал бүрээс нь олон удаа зүсэх тусам илүү их эрчим хүч гарган авах боломжтой гэж эрдэмтдийн багийн гишүүн Голдберг ярьсан байна.

Мэдээж хэрэг төмснөөс ялган авч байгаа эрчим хүч нь тун бага вольтынх байх нь ойлгомжтой. Гэхдээ үүгээр гар утас, зөөврийн компьютер зэргийн цэнэглэхэд хүрэлцээтэй гэнэ. Органик аргаар гаргаж авсан эрчим хүч нь одоо бидний хэрэглэж байгаа эрчим хүчнээс хямд байх нь гарцаагүй. Эрчим хүч гарган авахын тулд төмсийг дутуу чанаад л болох нь тэр гэж ойлгож ч болох юм. Гэхдээ мэдээж хэрэг боловсронгуй аргаар эрчим хүч хуримтлуулагчийн тусламжтайгаар үүнийг хэрэглэнэ.

Үүнийг уншсан уншигч танд өмнө нь яагаад үүнийг хэрэглэж болоогүй юм болоо гэсэн асуулт тулгарах нь гарцаагүй. Тэгвэл энэ бүх эрчим хүчний эх үүсвэрийн тухай асуудал одоо л эхэлж байна гэж хэлэх гэсэн юм. Бидний өмнө урт ирээдүй бас асар их боломж бий. Бид үүнийг одоо л хэрэглэх тохиромжтой цаг нь байж мэдэх юм шүү дээ.

Яг өнөөдрийн байдлаар гэхэд 1.2 тэрбум хүн эрчим хүчний дутагдалтай байдалд амьдарч байгаа. Тэгвэл тэдгээр хүмүүсийн асуудлыг энгийн л хүнсний ногоо болох төмс шийдэх бололцоотой болжээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ