Сурагчид И.Одончимэгийн сайн үйлсэд нэгджээ

Үүрэн утасны оператор Мобиком корпорациас санаачлан зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аянд иргэдээс хамгийн их санал авч, төслөө хэрэгжүүлэх боломжтой болсон МУГЖ И.Одончимэгийн сайн үйлийн тухай дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрээр Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан, өнчин, ядуу хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулаад байна.

Тэгвэл өнөөдөр тус сургалтын төвд Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10а ангийн хүүхдүүд өөрсдийн санаачлагаар цуглуулсан хоёр жижиг ачааны машин дүүрэн эд зүйлсийг хүлээлгэн өгөхөөр болсон юм.

Тэд сургууль дээрээ “Сэтгэлийн галаар урмын дөлийг бадраая” уриатай сайн үйлсийн аянг зохион байгуулсан аж. Энэхүү аянд тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагчид идэвхтэй оролцож, хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар, даам, тоглоом зэрэг олон төрлийн эд зүйлийг хандивласан байна.

Гуч гаруй жилийн нүүрийг үзэж байгаа Улаанчулуутын хогийн цэгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж, тэнд төрийн бодлогоос орхигдсон олон зуун өрх гэр бүл, ах дүүгээрээ амьдралаа залгуулж байна. Тэдэнд хорооны зүгээс бичиг баримттай болгох, мөн 5-10 хүнд хүнсний талон олгохоос өөр дэмжлэг үзүүлж чаддаггүй гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ