Хуучин гар утсыг шинэ гэж зардаг

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс мэдээлэл хийлээ.

ШӨХТГ нь Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “гар утас” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй/, 12 дугаар зүйлийн 12.2 /Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна/, 12.8 /Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно/, 2.9 /Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно/ заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэж байсан гар утсыг шинэ утас хэмээн худал мэдээлж худалддаг, баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.

Зөрчлүүдийг арилгуулах зорилгоор гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ. Энэхүү албан шаардлагынхаа дагуу гүйцэтгэлийн шалгалтыг мөн хийх гэнэ. Хэрвээ тухайн лангуун дээр зарагдаж байгаа гар утас гарал үүслийн бичиггүй байвал лангуу түрээслэгчтэй гэрээгээ цуцлах шаардлага тавих юм байна.

Иргэдэд анааруулахад, хулгайн гар утас нь 2-3 ченжийн гараар дамждаг бөгөөд кодыг нь урд хөршид гаргуулан авчирч шинэ утас хэмээн өндөр үнээр зардаг юм байна. Угтаа бол борлуулагч иргэдэд хаанаас яаж авсан талаарх бүх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй. Иргэд ч энэ тухай асууж мэдэх эрхтэй аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ