Хоёр сая ам.долларын баримт хэнд зориулагдав

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин их хэмжээний авилга, хээл хахуультай холбоотой байж болзошгүй маш ноцтой баримтыг өчигдөр жиргээнд дэлгэлээ. Түүний тухайд ийнхүү “цаг нь болохоор баримтыг дэлгэж”, хэн нэгнийг битүүхэн “шантаажлах” болсон нь Хууль зүйн сайдын суудалтай нь холбоотой байж болзошгүй байна.

Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт өмнөх засагт ажиллаж байсан сайд нараас тун цөөхөн нь буюу ганц хоёр сайд л үлдэх магадлалтай тухай энэ цаг үед улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Харин Х.Тэмүүжингийн тухайд үлдэх бус явах сайд нарын тоонд нэр нь дурдагдах болсон. Эсрэгээрээ Х.Тэмүүжингийн оронд буюу дараагийн Хууль зүйн сайдаар томилогдох өндөр магадлалтай хүнээр Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын нэр эртнээс яригдах болж, түүнийг Ерөнхийлөгч зүтгүүлж байгаа нь оргүй биш мэдээлэл.

Х.Тэмүүжингийн жиргээнд дэлгэсэн гурван ширхэг банкны хуулганы тайлбарт “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх - авлигын хэмжээ...” хэмээн бичжээ. Авилгын хэмжээ нь хоёр сая ам.доллар аж. Эл баримтад хүлээн авагчийн нь нэрийг баллуурдаж нууцалсан бөгөөд шилжүүлэгч гэдэг дээрээсБ.Алтантуяа, NRI LLC гэх компаний нэр тамга, мөнгөн дүн зэргийг харж болохоор байна.

NRI LLC буюу NRI Corporate Hotels ХХК нь “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын мэдлийн компани ажээ. Т.Ганболд нь МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдож байхдаа танилцуулгадаа“NRI Corporate Hotels ХХК-ийн захирал” гэж бичиж байсан нь нотолгоо болж байна. Т.Ганболдын тухайд 2012, 2014 гэх мэтчлэн хоёр жилийн давтамжтайгаар хоёр ч удаа хууль шүүхийн байгууллагад дуудагдаж, саатуулагдсан хэдий ч төд удалгүй хэрэг нь цагаатгагдаад гарч иржээ.

“NRI Corporate Hotels” ХХК-ийн захирал Т.Ганболдын тухайд 2011 ондС.В.Паушокоос “Алтан дорнод монгол”, “ Востокнефтегаз”, ”Бумбат алт” гэсэн гурван компанийг нийтэд нь300 гаруй сая ам.доллараар худалдаж авснаа тухайн онд албан ёсоор мэдэгдэж байсан.Энэхүү 300 сая ам.долларыг тэрбээр Английн Виржинийн аралд бүртгэлтэй өөрийн мэдлийн компани, гадаадын банкнаас зээлсэн гэж мэдээлсэн байдаг. Харин эл асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагаас дээрх мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-д ирүүлсэний дагуу Т.Ганболдод 2012 оны хоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж, хоёр сар орчим хорьсны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр цагаатгажээ.

Өөрөөр хэлбэл Т.Ганболдын 2012 оны хоёрдугаар сард саатуулагдажмөн оны дөрөвдүгээр сард суллагдсан хийгээд Х.Тэмүүжингийн гаргаж тавьсан баримтад дурдагдаж буй хоёр сая ам.долларыг 2012 оны 11 сарын 26-ны өдөр Голомт банкаар шилжүүлсэн болох нь цаг хугацааны хувьд ойролцоо буй нь хардлага төрүүлэх үндэслэл болж байгаа юм.

Х.Тэмүүжингийн яриад байгаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр” гэдэгт Ерөнхий прокурор Д.Дорлигжав, “баялаг бүтээгчид” гэдэгт Т.Ганболд, “авилгын хэмжээ” гэдэгт баримтад дурдагдаж буй хоёр сая ам долларыг өгүүлжээ гэж сошиал ертөнцөөршуугиж байна.

Ямартаа ч хоёр сая ам.долларыг авилгад авч, өгөлцсөн гэх ноцтой хэргийн баримт Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарт байна. Эцэст нь улстөрчдийн хэрэглэдэг цаг нь болохоор баримтыг дэлгэж, бүхнийг ярина гэдэг онолын дагуу Х.Тэмүүжин өдгөө тухайн баримтын сэжүүрээс дэлгэж, анхааруулга өгчээ гэж ойлгож болохоор байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ