Ховс ба транс байдлын тухай

Сонсгол, хараа, амт зэрэг мэдээлэл, гадаад, дотоод орчлон ертөнцийг нэгэн хэвийн давтамжаар танин мэдэх, хүлээн авахад мэдрэхүйнүүд нэгнийгээ аяндаа “блок” хийдэг байна. Жишээ нь лам нар маань унших, завилан суугаад нааш цааш алгуурхан хөдлөх, тухайн уншиж буй үгсийн дуу авиа нь нэгэн хэвийн долгион ялгаруулахад сонсголоос бусад мэдрэхүй гадны нөлөөллийг огоорч эхэлдэг. Ингэж лам хүн мэдрэхүйнүүдээ унтраах зарчмаар амар амгалан, тайван байдлыг мэдэрдэг ажээ.
Хүмүүн төрөлхтөн бидний өдөр тутмын амьдралд ч трансын байдалд орох тохиолдол цөөнгүй байдаг. Намуухан дуутай, жигд хэмнэлтэй хөгжим, эсвэл байгалийн сайханд аялж явах үедээ модны сэрчигнэх чимээ, шувуудын жиргээ, гол усны урсгалын чимээг сонсох, алгуурхан нүүх үүлс, найган ганхах моддыг ширтэн сууханд аяндаа л нойр хүрдэг.
Энэ бол бидний харж, сонсож, хүрэлцэж буй зүйлсийн үр дүн. Нэг нь л жигд хэмнэлээр нөлөө үзүүлэхэд бусдыг блоколж орхино. Үр дүнд нь хүн трансд ордог. Трансд орохоор хүний нойр хүрч, элдэв янзын зан үйл хийдэг талаар сэтгэл судлалд “ухамсрын хувирсан хэлбэр” гэж тодорхойлдог. Шалтгаан нь дараах 4 хүчин зүйлээс үүдэлтэй.
1/ Архи уух
2/ Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл уух
3/ Сэтгэцийн ноцтой асуудалтай буюу шизофрени өвчтэй хүн
4/ Ховсдуулах буюу санаатай ба санамсаргүйгээр транс байдалд орох.
Эндээс харахад, заавал гоц хүн л ховсдож чаддаг гэсэн үг биш юм. Хүсвэл өөрөө өөрийгөө ч ховсдож болохын жишээ бол бөө. Бөмбөр бол трансд оруулах хамгийн хүчтэй зэмсэг юм байна. Ийнхүү оюун санаа нь ертөнцөөр нэг хэсүүчилдэг.
Ховс нь маш хүчтэй ятгалгаар бий болох ухамсрын хувирсан хэлбэр болохыг өгүүлсэнчлэн жигд хэмнэлээр мэдрүүлж, амраасны дараа үгээр ятгаж эхэлдэг байна. Энэ үед яг зүүдэлж байгаа мэт болдог. Ховс нь нойрны нэг хэлбэр гэж болно. Гэхдээ EEG багажаар хийсэн туршилтаас үзэхэд, ховсдуулсан хүнийн тархины долгион нойрны үеэсээ илүү сэрүүн үеийн долгионтой төстэй байжээ. Тэгэхээр хараахан унтаж байгаа хүний тархи, сэтгэцтэй ижил биш, бие даасан нэг үзэгдэл байж таарах нь.
Ховсонд оруулах маш олон техникүүд бий. Бүгдийг нь сэтгэл заслын аргууд шиг түгээмэл хэрэглэдэггүй. Нэг техник нь гэхэд ховсонд оруулах хүнээ амраана, айдасгүй болгоно. Дараа нь ховсдуулагчийн анхаарлыг цор ганц зүйлд төвлрөхийг шаардана. Удирдаж буй хүн нь тухайн хүнд тайвшрал, тав тухыг үгээр болон бусад өдөөгч юм уу мэдээллийн тусламжтайгаар хангадаг. Ховсонд орох хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Зарим эрдэмтдийн бичсэнээр хурдан ховсдуулдаг хүний хийсвэр сэтгэхүй өндөр хөгжсөн байдаг гэжээ.
Ховсыг ер нь ямар учраас хэрэглэдэг нь энгийн ойлголт. Ховсын хэрэглээний зорилго бол өвчтнийг хяналтандаа авах, түүний зан үйлийг чадах чинээгээрээ өөрчлөх, ой тогтоолтыг нөхөн сэргээхэд л оршдог аж.
Өнөөдөр цөөн хэдэн сэтгэл судлаачид, сэтгэцийн эмч нар, дээр нь мэргэжлийн бус хүмүүсэнэ аргыг хэрэглэж байна.
Харин хэн нэгнийг шилэн дээр хэвтүүлэн дээр нь гарах, хүссэн үйлдлээ тушааж бусдад нөлөөлөн гэм хор хүргэх зэрэг ховсын тухай хүмүүсийн нийтлэг стереотип бол ердөө шоу юм.
Эцэст нь ховсын үйл явц нь ятгах, итгүүлэх байдаг учраас ховсдогч өөрөө тун итгэл төрүүлэхүйц байх ёстой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ