Драгон авто вокзал мөсөн гулгуур болох нь

Драгон авто вокзалын орчмын байрууд болон аж ахуйн нэгж байгууллагуудын дулааныг хангадаг шугам 10 цагийн үед задарч ус алдлаа. Одоогийн байдлаар шугам сүлжээний ажилчид газар дээр нь очиж ажиллаж байгаа хэдий ч авто вокзалын орон нутаг руу явдаг зам усанд автаж, мөсөн гулгуур болох нь ээ. Ерөнхий инженерээс нь энэ талаар тодруулахад тэрээр "Байгууллага, айл өрхүүдийн дулаан хэвийн байгаа. Энэ нэг их сүртэй юм биш, битгий сүржигнээд бай" гэх үгийг хэллээ.

Харин энэ хавийн айл, өрхүүдээр ороход халаалт нь хөрсөн байдалтай байв. Шугам задарсны шалтгаан нь олон жилийн турш засвар, үйлчилгээ хийгдээгүй гэдэг тайлбарыг өгч байна. Жил бүр шугам сүлжээний засвар, үйлчилгээнд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөж дуулддаг. Энэ жилийн өвлийн бэлтгэл 100 хувь хангагдсан гэсэн дүгнэлтийг саяхан мэдээлж байсан.

Энэ мэтчилэн ид хүйтнээр үнэн нүүрийг нь илчилсэн үйл явдлууд хэчнээн гарахыг хэн ч таашгүй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ