Ухаалаг даавууны үйлдвэр нээгдлээ

Хөнгөн үйлдвэрийн салбарт нано технологиор даавуу үйлдвэрлэж эхэллээ.
ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа Герман улсад 2001-2010 онд өөрийн судалгааны ажлаа эхлүүлж ухаалаг даавууг гарган авах аргыг нээж, олон улсад хэрэглэх патентын эрхийг авчээ. Тэрээр хэлэхдээ “Цехдээ даавуугаа нэхэж, түүнийгээ шинэ дамжлагаар оруулан нано бүрхүүл үүсгэдэг. Бид даавуу, берзентийг гаднаас авдаг байсан бол дотооддоо үйлдвэрлэдэг боллоо” гэв.
Энэхүү даавуу нь ус болон шингэн, хог шороо нэвтрүүлэхгүйгээр үл барам амьсгалдаг аж. Ийм даавууг олон улсад "ухаалаг даавуу" гэж тодорхойлдог. Нано бүрхүүл үүссэн даавуу нь нар салхинд гандахгүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагдахгүй зэрэг давуу талтай юм. Нано даавууг үйлдвэрлэлд нэвтүүлэхийн тулд 2011 оноос хэд хэдэн туршилт хийжээ. Тухайлбал, гэрийн цагаан бүрээст хэрэглэхэд цас, бороо нэвтрүүлэхгүй, хаяаны хэсгээрээ ялзарч урагдахгүй байгааг туршилтаар баталсан байна. Түүнчлэн одоо хэрэглэж байгаа бүрээсийг бодвол эдэлгээний хувьд 2-3 дахин удаан хугацаанд хэрэглэх давуу талтай аж.

Шинэ шугамын тоног төхөөрөмжийг 800 орчим сая төгрөгөөр Герман улсад захиалгаар хийлгэжээ. Энэ дамжлагад хоёр метр хүртэлх өргөн даавууг боловсруулах боломжтой бөгөөд нэг цагт 60-300 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Ухаалаг даавууны үйлдвэрийг байгуулахад БШУЯ болон Шинжлэх ухаан, технологийн сангаас тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Ихэнх хэсгийг ШУТИС-ийн технологийн сангаас дэмжиж гаргасан байна. Ийнхүү ШУТИС-ийн анхны гарааны компани нээлтээ хийв.
Манай улсад саяхан инновацийг хөгжүүлэх хууль батлагдсан. Ингэснээр их сургуулийн дэргэд үйлдвэрлэлийн, туршилтын инновацийн бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэж байгаа аж. Өмнө тулгардаг байсан санхүүгийн бэрхшээл шат шатаар багасч, урам зориг нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо.
Ингээд манайхан эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ