Дотоодын цахилгаан бараа бүтээгдэхүүнд IECEE тэмдгийг олгодог болно

IEC-Олон улсын цахилгаан техникийн хороо (ОУЦТХ) нь олон улсын стандарт баталдаг гурван байгууллагын нэг юм. Олон улсын энэ байгууллагын гишүүнчлэл нь улс орнуудын үндэсний стандартчиллын байгууллагууд болон тохирлын үнэлгээний байгууллагуудаас бүрддэг.
Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар нь ОУЦТХ-ны түншлэгч гишүүн бөгөөд энэ гишүүнчлэлийн хүрээний Тохирлын үнэлгээний түншлэгч статуст (ACAS) нэгдэх мэдэгдэлд агентлагын дарга Г.Гантөмөр гарын үсэг зурлаа. Цахилгаан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч биш улсууд нь цахилгаан барааг импортлон улсын хэрэгцээгээ хангадаг ба харин тэдгээр импортын бүтээгдэхүүнийг олон улсын стандартын шаардлагад нийцсэн болохыг үнэн зөвөөр баталгаажуулах асуудал нь чухал юм. ОУЦТХ-ны Тохирлын үнэлгээний түншлэгчийн статуст нэгдэж тодорхой сургалт, нэгдмэл ойлголт, мэдээлэлд хүрэх байнгын боломж дэмжлэгийг олж авснаар манай улсад импортлогдож буй IEC-ийн стандарттай бараа бүтээгдэхүүнийг IECEE тэмдэг бүхий тохирлын гэрчилгээг олгон зах зээлд нэвтрүүлнэ. IECEE тогтолцооны хамрах хүрээнд гэр ахуйн хэрэгсэл, гэрэлтүүлэг, зөөврийн хэрэгсэл, нарны панел, утас, баттерей, мэдээллийн технологи, оффисийн тоног төхөөрөмж, суурилуулалтын, холболтын төхөөрөмжүүд зэрэг хамаарагддаг. Үүний үр дүнд- олон улсын стандартад нийцсэн нь батлагдаж, нотлогдсон бүтээгдэхүүн нийлүүлэгдэх, - нийлүүлэгч нь бүтээгдэхүүнээ олон улсын стандартаар тогтоосон чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх үүрэг хүлээн, анхаарах, - хэрэглэгч олон нийт илүү чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ач холбогдол, үр ашигтай.
Цахилгаан бараа үйлдвэрлэгч биш орнууд нь голдуу үйлдвэрлэлээ дагаад тухайн бүтээгдэхүүнийгтурших, сорилт хийх лабораторигүй байдаг ба лабораторийг маш олон төрлийн бүтээгдэхүүнд олон янзын аюулгүйн, чанарын, техникийн үзүүлэлтүүдээр турших хүчин чадалтайгаар шинээр байгуулах нөөц хомс байдаг. Иймд нэг стандарт - нэг сорилт - нэг тохирлын үнэлгээ гэсэн дэлхий нийтийн чанарын дэд бүтэц дэх зарчимд тулгуурлан өөр орны лабораторид нэгэнт туршигдсан сорилтын дүнг үндэслэн, давтан сорилт туршилт хийлгүйгээр тохирлын үнэлгээг хийх үндэслэл бүрдэнэ. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээрт дотоодын болон гадаад худалдаанд тавих тарифын бус нөхцлийг ижил тавих шаардлагын дагуу түүнчлэн монгол улсын дотоодын үйлдвэрлэгчийн цахилгаан бараа бүтээгдэхүүнд IECEE тэмдгийг мөн олгодог болно. Эцсийн дүндээ олон улсын дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дэмжих Монгол улсын засгийн газрын бодлогод нийцсэн үйл ажиллагаа юм. IECEE тохирлын үнэлгээний олон улсын тогтолцоонд нэгдсэний ач холбогдол нь:-Аль нэг гишүүн орны гүйцэтгэсэн тохирлын үнэлгээний үр дүнг бусад орны баталгаажуулалтын байгууллага хүлээн зөвшөөрч тухайн улсын баталгаажуулалтын гэрчилгээг олгоход ашиглана.-Худалдааны байгууллага, худалдан авагчид баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг.-Сорилт туршилтыг багасгаж, баталгаажуулалтын зардлыг бууруулдаг.-Үндэсний төвшинд баталгаажуулалтын шаардлагагүй үе шатуудыг арилгадаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ