Монголын үндэсний далбаа ямар өнгөтэй вэ

Манай үндэсний далбаа гурван өнгөтэй. Баабарын нэгэнтээ бичсэнээр “Хоёр улааны дунд хавчуу­лагдсан хөх Монгол” гэж ха­рагддаг далбаа. Бас алтан нар, эсвэл шашныг бэлгэдсэн шар өнгө бас бий. Өнгө зохицолыг нь журамлаад авбал сайхан бэлгэдэл.

Заримдаа хар хөх, хүрэн улаан болцон явж ч байдаг. Уул нь цусны улаан бус галын улааныг бэлгэдсэн эр зоригийн өнгө юм гэсэн. Гэтэл одоо заримдаа цусных, заримдаа галын улаан, заримдаа бараг даашинзны ягаан, тэгснээ хүрэн болоод байх болж.

Тэнгэрийн номин цэнхэрдүү, хөх монголын хөв хөх үү гэхэд хариулт байхгүй, тайлбар ч янз бүр байна. Тансаг цэмцгэр харагдая гэвэл улбардуу улаан (галын),цэнхэр өнгө гайхалтай дэврүүн харагдах учиртай. Ингэвэл уран зургаар бол гэрэлтэж харагдах нь.

Зарим зураачид улаан, хөх гээд хүйтэн өнгөнүүд зэрэгцдэг зохимжгүй ч гэдэг. Өнгө хүндэрвэл “хүйтэн”-үүд бүр нүсэрдэх л дээ. Тиймээс далбааны бэлгэдэл хэллэгийн өнгийг (код, бас пороль ч гэх) яс болгомоор байна.

Өнгөний тунг янз бүр болгосон ч өөрийн юм болохоор тэр үү хаанаас ч олж танигдаад, элэгсэг харагддаг нь сайхан. Ялангуяа, манай жүдогийн тамирчид үе үе өндөрт намируулж байхыг одоо олон улсын дэвжээнээс тасралтгүй хардаг болоод ч тэр үү, бүр тодроод байх шиг.

Үндэсний далбааны дэвсгэр нь хувь хэмжээгээр бол 55х33х11 буюу улаан-хөх-шар өнгийн орцтой дүйх юм байна. Харин монголчуудын хамгийн эрхэмлэдэг цагаан өнгө энд байдаггүй аж. Тэгш хэмийн уламжлалаа ч соц үед хаяжээ.

За ингээд, -Манай далбаа яг ямар өнгөтэй вэ гэдгийг тодруулах гэж л ийм урт асуулт бичлээ. Эсвэл ингэсгээд баримжаа өнгөөр явж л байг уу. Дээрх гурван өнгөний нийлгээс хүрэн өнгө үүсдэг, цаад утгаараа манайх хүрэн далбаатай гэж цэцэрхэх хүн ч гарч байна.

Дашрамд нь нэг зүйл хэлээд авая. Халтмаагийн удирддаг холбооны Найдан, Хашбаатар, Мөнхбат гэдэг дэлхийд алдартай жүдочдийг монголчууд мэдэхгүй, харин тэднийг Түвшинбаяр, Цагаанбаатар, Уранцэцэг гэж бахархацгаана. Нэрийн тогтолцооны ялгаагаа ойлгуулаад хаана ч адил нэртэйгээр тамирчдаа алдаршуулвал бас зүгээр баймаар. Холбооны ерөнхийлөгч нь угтаа монголоор бол Х.Баттулга юм шүү дээ… Бага гэлтгүй далбаа ч, нэр ч нэг янзаараа байвал яасийм бол.

Б. Мундагбаатар (БГД иргэн)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ