Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүлжээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Саппорогийн автобусны буудлын орчимд 15-17 насны дөрвөн охиныг эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Баатарсүрэн гэгч биеийг нь үнэлүүлдэг байна.
Тэрээр охидыг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аваачин мөн ийм ажил хийлгэдэг байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Тэднийг тус аймагт очиход нь Д.Ганболд гэгч нь уурхайн ажилчид, хүнд даацын автомашины хятад жолооч нарт зуучлан зардаг байсан аж.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран “Охид” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах асрамж, халамжийн төвүүд, сүм, хийд, нийтийн байр, Вьетнам засварын газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулсан юм. Ингэхдээ гэр орноосоо дайжсан, бусдад уруу татагдсан, биеэ үнэлж эрсдэлд орж болзошгүй насанд хүрээгүй охидыг илрүүлэх чиглэлээр ажиллаж,насанд хүрээгүй дөрвөн охиныг илрүүлж, бүртгэл судалгаанд авч, ар гэр, асран хамгаалагч нартай нь уулзаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ