У.Хүрэлсүхтэй Ч.Сайханбилэг

Ухнаагийн Хүрэлсүхтэй, МАН-тай кабинет гэдэг утгаараа Шийдлийн засгийн газар Н.Алтанхуягийнхаас онцлог. Өмнөх кабинетээс ерөнхий сайд, шадар сайдын нас эрс залуужсанаар улс төрд залуу улстөрчдийн цаг эхэлсэн мэт сэтгэгдлийг давхар дагуулж эхэлжээ.

МАНАН-гийн хоёр намын ерөнхий бодлогыг хоёр Энхболд алсаас залуурдаж суугаа бол гар нийлэн ажиллах багийг нь Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх хэмээх намдаа нэртэй, нөлөөтэй залуус нь толгойлж байна.

Н.Алтанхуягийн партнёр нь үеэ өнгөрөөж яваа Д.Тэрбишдагва байсан бол Ч.Сайханбилэгийнх ид маналзуулах гэж буй мэт харагддаг улаан хувьсгалч У.Хүрэлсүх байгаа.

Тэрээр шаардлагатай бол намынхаа төлөө чуулганы танхимд улаан хувьсгалчийн дүрээр морилж, УИХ-ын сонгуульд ялагдвал хар толгойгоороо хариуцна гэж ху намын ямар ч дарга нараас түрүүнд дуугарч, ухамсрын шанааг хэнд ч өгч, гэр бүлийнхээ төлөө гишүүнээс татгалзах зоригийг гаргаж чаддаг залуу.

Тиймээс л түүнийг Монгол Улсын шадар сайдад нэр дэвшихэд 98 хувийн саналаар гишүүд дэмжсэн бизээ.

Өрсөлдөгч хүчнийхээ симбол болсон ийм залуутай гар нийлж ажиллах болсноор Ч.Сайханбилэг нарыг залуу насны эрч хүчээр, төрдөө үнэнч зүтгэх итгэл сэтгэлээр ажлыг умалзуулдаг хүмүүс үү үгүй юу гэдгийг одоо л харъя байз гэмээр.

Нэг цаг үеийн хоёр залуу улстөрчөөр толгойлуулсан засгийн газрын бүрэлдэхүүн маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталснаар бэлэн болж ажилдаа орох гэж байгаа. Засгийн нүүр царай бол давгүй харагдаж байна аа.

Харин Ч.Сайханбилэгийн санаагаар биш, сонголтоос гадуур шахааны зарим нэгэн сайд нэр цохиж л явах. Арга ч үгүй биз. УИХ-д суудалтай бүх намуудтай эвсэж байгуулж байгаа, их хурал дахь суудлынх нь тоогоор квот олгож эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй арайхийн засгаа байгуулж байгаа нь их юм болоод байгаа цаг.

Тиймээс шинэ засгийг муухай харагдуулах улстөрчид мэр сэр. Улс төрийн карьер нь Ч.Сайханбилэг найзаасаа дутахгүй өсөж, бүр ч түрүүлж явсан хэдий ч Оюутолгойн гэрээтэй сайнаас илүүтэй муугаар хутгалдсан, Х.Болорчулуун гишүүний хэлснээр “улс орныхоо төлөө биш их зоригийг“ гаргаж оффшор дансанд сая доллараа мартсан С.Баярцогт тийм ч сайнгүй харагдуулж эхэлснийг өнгөрсөн баасан гаригийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх УИХ-ын хуралдаанаар ажиглагдсан. Ер нь гишүүдийн төдийгүй олон нийтийн аллерги түүнд их хүрэх шинжтэй.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар салбартаа их зүйл хийсэн, хийгүй залуу улстөрчдийн нэг Л.Гантөмөр, өөрийн удирдсан салбартаа олон жил ажиллаж яах аргагүй мэргэшсэн гэмээр С.Эрдэнийг Хүн амын, хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар үлдээснээр Н.Алтанхуягийн засгийн газраас суудалдаа тогтож үлдсэн сайд нарын нэр дуусна.

Өвөрхангайд АН-ын хоёр гишүүнтэй шүүхдэлцсээр эцэст нь шороодож үлдсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар энэ удаа удирдлагуудынхаа хөлд сууж чадсан бололтой. Гишүүний суудалд залрахыг хүссэн ч эс олдсон тэд энэ удаа сайдын бялуу амтархан зооглох бололтой.

Энэ засгийг хамгийн эвгүй харагдуулж байгаа нөхөр бол нарийн бичгийн дарга. Уг нь энэ намаас Эрүүл мэндийн сайдын суудалд нэлээд туршлагатай эмчийн нэр сонсогдож, ашгүй нэг мэргэжлийн сайдтай болох нь гэгдэж байсан ч МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын нэр цохиж орж ирсэн нь Ч.Сайханбилэгт тулгасан намуудын шахаас ямар хүчтэй байсныг гэрчилнэ.

Ингээд Ардчилсан нам Эрүүл мэндийн салбарыг Н.Энхбаярын намын хэдэн хор хутгаачид хувьчлаад өгсөнтэй ялгаагүй болж, сүйрч дуусах болжээ, улстөрчид, томчууд баячууд нь ч яахав гадаадад очоод эмчлүүлчихнэ, ядарсан ард түмэн нь Н.Энхбаярын гар хөл бологсдын самарсан эмнэлгүүдэд дугаарлаж суух тавилантай байж хэмээн хэмээн олон нийтийн сүлжээгээр ид шуугиж байна.

Нээрээ л гариг андуурсан мэт Г.Шийлэгдамбын оронд муу нэртэй ч ядаж эмчийн мэргэжилтэй Н.Удвал сайд нь дээр гэмээр.

Гэх мэтээр эрээнтэй бараантай Шийдлийн засгийн газар ямартай ч ажилдаа орох хугацаа дөхөж байна. Ерөнхийлөгч ч шавдуулж байгаа.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ