Их аваргууд эмнэлэг барина

Улс төрийн байдал ороо бусгаа, ард иргэдийн амьдрал өлмөн зэлмэн энэ үед сэтгэл сэргээм, итгэл бадраах сайн мэдээнүүд үргэлжилсээр байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм.

Хямрал ярьж нүүрээ үрчийлгэсэн энэ өдрүүдэд эрх баригчид нь сандал ширээнээс цааш сэтгэхээ байж, харин урлаг спортын алдартнууд нь тэдний орыг гүйцэтгэх болжээ. Тэд энэ нийгмийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэх гэж хэрэндээ л хичээж, ард олныхоо итгэл, сэтгэлийн бахдалыг төрүүлж явна.

Яг өнөөдөр бидний эргэн тойронд юу болж, юу нь болохгүй байгааг хаанаас ч харсан илт. Гэвч төрийн өндөр суудлаас нийгмийн бодит дүр төрхийн үзэгдэх орчин нь хязгаарлагдмал байдаг бололтой.

Харин тэдний оронд эх орондоо төдийгүй дэлхий дахинаа нэрээ дуурсгасан алдартнууд маань биднийхээ дэргэд зэрэгцэн алхаж явааг сүүлийн үед илүү мэдрэх боллоо. Саяхан манай урлагийн салбарын хоёр эмэгтэй жүжигчид өөрсдийнхөө нөөц бололцооныхоо хэрээр ард түмнийхээ хэрэгцээнд зориулж сайн үйлийг санаачлан бүтээлээ.

И.Одончимэг Улаанчулуутын хүүхдүүдийг сургуультай болгосон бол Г.Ундармаа улсын эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлсэн. Энэ тухай дэлгэрэнгүй тоочих нь илүүц биз. Үүнийг дуулаагүй монгол хүн үлдээгүй буй за.

Тэгвэл буяны сайн үйлийг энэ удаад улс орныхоо нэрийг арлын оронд төдийгүй дэлхий дахинаа дуурсгаж яваа сумо бөхийн аваргууд маань түүчээлэхээр гараагаа зэхлээ. Үүнийг сонссон монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэл баясаж, бахархал, талархалыг төрүүлж байна.

Японы мэрэгжлийн сумо бөхийн хоёр их аваргын нэг, 68 дахь их аварга Ёкозүна Асашёорюү буюу Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж аварга маань өнөө үед нэн дутагдалтай байгаа хүүхдийн эмнэлэг барьж өгөхөө ард түмэндээ албан ёсоор зарлалаа. Тэрээр энэ тухайгаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн бөгөөд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас хүйтэн шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсийг хараад сэтгэл нь ихэд эмзэглэж ийнхүү эмнэлэг барих болсон аж. Энэ таатай мэдээнийараас Их авар­­га Хакухо М.Да­ваа­жаргал Түлэн­хийн тө­вийг барьж өгө­х­өөр боллоо хэмээн шуугиж эхэлсэн. Хэн нэгэн огт ам ангайгаагүй байхад хий хоосон үг тэнүүчилнэ гэж үгүй биз. Тэгэхээр ирэх онд ямартай ч хамгийн их шаардлагатай байгаа хоёр эмнэлгийг барьж байгуулах ажил эхлэх нь гарцаагүй боллоо.

Өнөөдөр Мон­гол Улс тү­лэн­хийн төв­гүй бо­лоод, ГССҮТ-ийн байранд ачааллаа дийлэхгүй тун хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Хуу­чин ч гэ­сэн ба­рилга нь бай­сан бол арай дээр ч байсан байж магад. Чанар, стандартын шаард­­лага хан­гах­гүй гэж улайран ну­раачи­хаад, одоо газрыг нь хэдэн талаас нь хэмлэж дуусгаж байна. Шинэ эмнэлэг барина гэж мөн­гө төсөвлөсөн ч хэн нэг даргын халаасанд зугуухан гулсаж орсоор, энэ асуудал бараг хаягдсан гэж болохоор.

Манай төрийн эрх мэдэлтнүүд төсвийн асуудалд арай өөр сэтгэлээр хандаад байгаа нь харагддаг. Хамгийн их хэрэгцээтэй байгаа зүйл бол эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэж жил бүр яригддаг атал хөрөнгө мөнгөний дутагдлаар шалтаглан хойш тавих, танах зэргээр энэ төрлийн ажил төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа. Гэхдээ зарим зүйлээс харахад энэ шалтаг нь бултах арга гэдэг нь тодорхой байна. Тэд өөрсдөдөө ашигтай салбарт л хөрөнгө цацах бодлого баримталж байна. Жишээ нь, ирэх жилийн төсвөөс 6 тэрбум орчим төгрөгийг гандангийн өргөтгөлд хуваарилсан нь олны дургүйцлийг багагүй хүргээд авсан.

Энд Улаанчулуутын хүүхдүүдэд зориулсан сургуулийг байгуулахад гаргасан зардлыг авч үзье. Дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м.кв сургалтын байр, сурагчдыг гэр, сургуулийн хооронд зөөх микроавтобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгсэл, зургаан сарын хэ­рэгцээний хоол хүнс, нүүрс тү­лээ, зурагт, принтер, хичээлийн сам­бар зэрэг бүх зардал нийлээд 80 сая төгрөгт багтсан байх жишээтэй.

Цаашлаад яамдаас тухайн чиглэлээр тодорхой арга хэмжээ авах тухай олон нийтэд мэдээлэхдээ ердөө тойм төдий зүйл ярьж, анхаарал хандуулсан мэт дүр эсгэж өнгөрөөдөг болоод удаж байна. Тухайлбал, “энэ оноос хүүхдийн эмнэлэг болоод орны хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэж Эрүүл мэндийн яамнаас тойм төдий мэдээлэл хийдэг. Эсвэл “Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах V цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон тул уг барилгыг буулган шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ортой барилга барихаар болсон. Цэцэрлэгийн барилга барихад 2.1 тэрбум төгрөг шаардлагатай” гэсэн байдлаар мэдээлдэг.

Ам, ажил хоёр нь зөрдөг энэ эрх баригчдаас ичих булчирхай нь хүртэл ичээд зугтсан бололтой. Харин тэднээс илүү ирээдүйнхээ төлөө сэтгэлтэй, зүрхтэй, итгэлтэй, санаачлагатай хүн бидний дунд цөөнгүй байгаад сэтгэл өег, бахдалтай байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ