Нэхмэлийн шарынхны магнай тэнийжээ

{!!!right!!!}Оршин суугч иргэд болон хөрөнгө мөнгөтэй компани, тэдний гар хөл болсон улстөрчдийн дунд дэгдсэн удаан хугацааны үл ойлголцох асуудал эцсийн шатандаа эсэргүүцлийн арга хэмжээнд тулаад арайхийж намжжээ.
Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарууд хэмээгдэх олон байр хүн амьдрах аргагүй, хэзээ хэзээгүй нурахад бэлэн болсон, эрүүл ахуйн стандартыг хангасан орчин нөхцөл хэдийнэ олон жилийн өмнө байхгүй болсон тул Нийслэлээс дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсан юм.
Гэсэн хэдий ч Нэхмэлийн шарын оршин суугчдын баярлах цаг болоогүй байжээ. Иргэд өөрсдийн сонгосон барилгын компаниараа амьдрах орон сууцаа бариулахыг хүссэн ч улстөрчдийг бат ар талаа болгосон тендерт авч, өгөөд ялаад сурчихсан компаниуд саад хийж, хүч түрэмгийлэн орж ирснээр иргэд болон барилгын компанийн хоорондох урт удаан тэмцэл эхэлсэн юм.
Гэвч эцсийн эцэст үнэн ялсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг эцсийн байдлаар, албан ёсоор батламжилсан байна.
Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК тус тус дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, шалгарсан компаниудад гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Ингэснээр сая л нэг иргэд, оршин суугчдын магнай тэнийж, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчид ажилдаа шуудран орох цаг болжээ.
Б.Батмагнай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ