Дээд шүүх Д.Амарсайхан агсныг нас барсан учир хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы хэргийг өнгөрсөн сарын 28-нд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Хурлын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улсын дээд шүүх Д.Амарсайхан агсныг гэм буруугүйд тооцлоо гэж мэдээлж байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс гарсан тогтоол shuukh.mn сайтад тавигдсан байна. Тогтоолоос харахад Д.Амарсайхан агсныг гэм буруугүйд тооцсон хэмээн бичиж байгаа нь өрөөсгөл юм байна. Дээд шүүх хуулийн дагуу хэрэгт холбогдсон этгээд нас барсан тохиолдолд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзсэн болохоос гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөөгүй аж. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон хүн нас барсан тохиолдолд түүнийг гэм буруутай, гэм буруугүй гэж дүгнэхгүйгээр хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог.

Дээд шүүхийн тогтоолоос яг энэ асуудлаар яаж дүгнэснийг сийрүүлвэл:

"Харин талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Д.Пүрэвлхамын “... шийтгэх тогтоол магадлалын талийгаач Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлын тухайд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол түүнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй талаар шууд зохицуулсан заалтыг анхан болон
давж заалдах шатны шүүх зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Д.Амарсайханд холбогдох хэргийг нас барсан үндэслэлээр шууд хэрэгсэхгүй болгох ёстой байтал түүний гэм бурууг хэлэлцэж, гэм буруутайг тогтоосон ажиллагаа үндэслэлгүй болжээ. Иймд өмгөөлөгч Д.Пүрэвлхамын хяналтын шатны шүүхэд гаргасан дээрх гомдлыг хангах хууль зүйн
үндэслэлтэй байна." гэжээ.

Шүүх хурлын тогтоолыг бүрэн эхээр нь сийрүүлбэл,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг хасаж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Татварын байгууллага татвар төлүүлэх асуудлаа хууль тогтоомжийн дагуу жич шийдвэрлүүлбэл зохихыг дурдсугай.”гэсэн нэмэлт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Х.Анхбаярын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Баярмаа, Ж.Эрдэнэбулган нарын гомдлын Х.Анхбаярт оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэснээс бусад хэсгийг, цагаатгагдсан этгээд Ц.Чандманийн өмгөөлөгч М.Баяраа, Л.Ононбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ