УИХ амаржиж 19 сайд төрүүллээ

УИХ-ын чуулган хоёр өдөр шөнө дөл болтол цаг сунган хуралдаж байж шинэ засгийн газрын гишүүдийг томилж баталгаажууллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлсэн хүмүүстэйгээ хамт Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар баасан гаригийн үдээс хойш хуралдаан эхэлсэн.
Фортуна Н.Батбаяр "сүүлийн үгээ" хэлж хуралдааныг нэлээд өрнөлтэй болгосон ч эхний өдөр Монгол Улсын шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилж, С.Баярцогтын асуудал дээр гишүүд нэлээд хүчтэй шүүмжлэл өрнүүлж, асуулт тавьсан юм. Ялангуяа бие даагч гишүүдийн зүгээс түүнд холбогдуулан ёсзүйн асуудлыг дахин сөхсөн бөгөөд Оюутолгойн гэрээг муу хийсэн, оффшор данстай байсан нь илэрсэн зэргээр асуулт асууж хариулт авсан юм. Ер нь нэр дэвшигчдээс хамгийн их ээрүүлж, гишүүдийн аллергийг хөдөлгөсөн нь С.Баярцогт байсан.
Түүнээс бусад нэр дэвшигчдийн хувьд ерөнхийдөө аядуу, салбартаа хийх гэж буй ажлынх ажлын ерөнхий чиг бодлогыг сонирхож, захиж хэлсэн үгнүүд чиглэж байлаа. Гэхдээ асуудлаас хол хөндий тулга тойрсон шинжтэй асуулт асууж, цаг авсан тохиолдол ч гарч байв. Энэ нь О.Баасанхүү, Д.Тэрбишдагва зэрэг гишүүдийн зүгээс ажиглагдсан бөгөөд өдөр шөнөгүй хуралдаж, засгийг бушуухан ажилд нь оруулахын төлөө парламент хичээж байхад, зарим нэг нь хувийн амбицаа илтгэн харуулах байдлаар асуудалд ханддаг зангаараа хугацаа уяж байсанд бухимдах хүмүүс бишгүй олон байсан бизээ. Хэдийгээр АН, МАН, МАХН-ынхан тохиролцооны үндсэн дээрээс нэгдсэн засгийн газар байгуулж байгаа гэдэг утгаараа чуулган аядуу уур амьсгалтай байсан ч зарим нэг сайдуудын асуудлыг хэлэлцэх үед нам хүчнээрээ талцан хоорондоо ширүүн үг шидэлцэх ч тохиолдол гарч байв.
Гэсэн хэдий ч парламент хоёр өдөр цаг сунган хуралдаж байж Шийдлийн засгийн газрын гишүүдийг томилж чадлаа. Үдшийн 23 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг хааж хэлсэн үгэндээ "Улсын их хурал ажлаа шуурхай хийж хоёр хоногт багтаан та бүхнийг томиллоо. Үүн шиг улс эх орны ажлыг богино хугацаанд амжуулаарай" хэмээсэн юм.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг заримсайд нарт тамгыг нь гардууллаа.







Монгол Улсын засгийн газрын гишүүд
1.Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
2.Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
4.Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
5.Сангийн сайд Ж.Эрдэнэбат
6.Хууль зүйн сайд Д.Дорлигжав
7.Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
8.Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү
12. Уул уурхайн сайд Р.Жигжид
13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг
14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
16. Эрчим хүчний сайд Д.Зоригт
17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
18. Монгол Улсын сайд М.Энхсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ