Энэтхэгт Оросын зэвсэг цутгаж байна

Өнөөдрөөс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Энэтхэг дэх айлчлал эхэлж байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 15-20 гэрээнд гарын үсэг зурагдах гэнэ. Айлчлалд хоёр тал онцгой ихээр ач холбогдол өгч байгаа нь батлагдлаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Учир нь Путин, Моди нарын уулзалтын үеэр батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, гааль, банкны салбарыг хамаарсан асар өндөр тоонууд бүхий гэрээ хэлцлүүд батлагдах аж. ОХУ, Энэтхэг нь BRICS-ийн гишүүн боловч эртнээс найрамдалт харилцаатай байсан орнууд, одоо аль аль талдаа өндөр ашигтай хамтын харилцаандаа үсрэлт хийж буйг тунхагласан айлчлал болж байна хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчаар тодроод байгаа Путин болон Энэтхэгийн шинэ ерөнхий сайд, тун ирээдүйтэй улстөрч гэгдэж буй Нарендра Моди нарын айлчлалын үеэр хэвлэлүүдийн онцолж буй сэдвүүдийг тоймлон хүргэе. Айлчлалын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн асуудал болон Куданкуламын атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр нэгжийг барих асуудлыг хөндөж байна.

Та магадгүй гайхах байх. Энэтхэг, ОХУ нь хоорондоо алс хол зайтай оршдог учир байгалийн хийн дамжуулах хоолойг барих ямар ч боломжгүй бизээ хэмээн. Тэгвэл алс хэтдээ 20, 30 жилийн дараа Оросын байгалийн хий дэлхийн зах зээлийн асар том төв болоод байгаа Энэтхэгт хэдийнэ хүрсэн байх магадлалтай аж. Хүрэхэд бол асуудалгүй, гол нь хэзээ хаагуур гэдэг асуудлыг л шийдэх хэрэгтэй аж.

Дэлхийн зах зээлийн төв болж байгаа, өдрөөс өдөрт үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа Энэтхэг улсад байгалийн хийн хоолойг Хятад, Түвдээр дамжих уу, Казакстан, Киргизстанаар дамжуулах уу гэдэг нь ердөө л цаг хугацааны түр зуурын шийдлийн асуудал болоод байгаа аж. Ямартай ч олон арван жилийн дараа гэхэд Энэтхэг улс ирээдүйн хэрэгцээгээ хангачихсан суух тохироог одоо Нарендра Модигийн гараар зурж байна.

Дашрамд дурдахад Энэтхэгийн шинэ ерөнхий сайд Нарендра Модид нутаг нэгтнүүд нь төдийгүй олон улс даяар ихээхэн итгэл хүлээлгэж, ирээдүйтэй шилдэг удирдагч хэмээн үзэж байгаа юм. Тиймээс манай гаригийн хамгийн хүчирхэг удирдагчаар хэвлэлүүд тодруулаад байгаа Владимир Путин болон Нарендра Моди нарын уулзалтыг олон улсын ажиглагчид онцлон харахаас аргагүй юм.

Энэтхэг улс нь Оросын зэвсгийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээлийн нэг. Тоо хэмжээ, үзүүлэлтээрээ бүхэл бүтэн тив буюу Африкийн дараа ордог. Энэ харьцуулалтаас харахад улам баяжсаар хүчирхэгжсээр буй Энэтхэг рүү Оросын асар их хэмжээний зэвсэг хэрэгсэл цутган орсоор байгаа юм.

Ер нь Энэтхэг өнгөрсөн зууны жар, далаад оноос ЗХУ-ын бодлогоор зэвсэглэгдсэн улс орны нэг болсон. Улмаар Пакистантай байнгын хурцадмал харилцаатай байдаг, АНУ, ЗХУ-ын хүйтэн дайны сөргөлдөөнөөр “Инээмсэглэж буй Будда” хэмээх төсөл хэрэгжүүлж цөмийн зэвсэгтэй цөөн хэдэн орны нэг болсон юм.

Тэгвэл одоо хэр нь Энэтхэг улс батлан хамгаалах зардалдаа асар их мөнгө хаяж Оросоос зэвсэг авсаар байна. Өнөөдөр болж буй хоёр орны удирдагчдын уулзалтаар ч Энэтхэгт хэрэглэдэг цэргийн тоног төхөөрөмжийн 60-70 хувийг Оросоос нийлүүлдэг хэмжээг ихэсгэх талаар ярилцаж байна. Магадгүй сүүлийн үед ОХУ-ын зэвсэглэлийн гол сенсацийг үүсгээд байгаа тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх Энэтхэгт үйлдвэрлэж эхлэх төсөлд гарын үсэг зурна хэмээн ажиглагчид таамаглаж буй.

Үүний зэрэгцээ Оросын компаниуд, үйлдвэрүүдийг Энэтхэгийн зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Энэ нь нэг ёсондоо Украинтай холбоотой үүссэн Европын холбооны хориг арга хэмжээний үр дагавраас хөнгөхөн зайлсхийх Путины ээлжит алхам юм. Эдийн засагтаа ноцтой хохирол амсахгүйн тулд Путин БРИКС-ийн холбооны бусад улс болон Өмнөд Америкт, одоо Энэтхэгт ихээхэн анхаарал хандуулж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг нэмэгдүүлсээр байгаа юм.

Ийнхүү олон улсын томоохон удирдагчдын уулзалтаар манай гаригийн хоёр том гүрний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж, бат бөх болж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ