Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян бизнест хөл тавьжээ

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян дэд сайдын суудлаа өгснөөсөө хойш нам жим амьдарч байна. Түүнийг Интерполын товчоонд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрөн захиа бичсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж АТГ-аас буруутган шалгасан. Улмаар шүүхээс Э.Эрдэнэжамьянг гэм буруутайд тооцсоноор улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Тэгвэл дэд сайдын суудлаа өгсөн Э.Эрдэнэжамьян бизнест хөл тавьсан байна. Ингээд шинэхэн бизнесийх нь талаар Э.Эрдэнэжамьянтай ярилцлаа.

-Дэд сайдын суудлаа өгснөөс хойш та их нам жим амьдарч байна. Саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа бизнес эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна лээ. Ямар бизнес эрхэлж байна даа?

-Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хурал семинар, олон хүн цуглаад арга хэмжээ зохион байгуулдаг заал тохижуулсан. Хүлээн авалтын маягаар засаад суухад нийтдээ 600-800 хүн багтах боломжтой. Босоо хүлээн авалт хийхэд 1000-аад хүн багтах том заал түрээслэж аваад ажиллаж байна.

-Нийт хэчнээн ажилтантай вэ?

-Энэ ажлыг эхлүүлэхэд маш олон хүний хэрэгтэй юм байна. Нийтдээ 50-иад шинэ ажлын байр гаргасан. Голдуу залуучууд ажиллаж байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг.

-Яагаад заавал энэ бизнесийг сонгох болов?

-Ашгийн төлөө гэхээсээ илүү залуучуудад зориулсан ажил хийе гэж бодсон. Залуучууд цуглаад хуралддаг, үзэл бодлоо солилцдог, бөөндөө цуглахад нэг аятайхан газар байдаггүй юм байна гэж бодсон. Заавал ресторан, бааранд орж идэж ууж, захиалж суух л боломжтой газрууд байдаг. Тиймээс цуглаад үзэл бодлоо хуваалцаад, ярилцаж, нөхөрлөхөд боломжтой, спорт тэмцээн уралдаан зохион байгуулж болдог, олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах боломжтой заал түрээслэсэн.

-Хэдийгээр ашиглалтад орох вэ?

-Ашиглалтад орсон. Одоо шинэчлэлийн арга хэмжээ хийгдэж байна. Одоо шинэ жил болж байна. Шинэ жилээр бас олон хүн багтчих том заал ховор байдаг юм байна.

-Таны улстөрийн алба хаших эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан. Хоёр жилийн дараа юу хийх бодолтой байна. Улстөрд эргэн орох уу?

-Улстөрөөс өөрийгөө гарсан гэж бодохгүй байгаа. Хүний шашин шүтэх, улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж чадахгүй. Тиймээс улстөрийн албан тушаал гэхээр сайд, УИХ-ын гишүүн, дэд сайдын албан тушаалыг л хашиж болохгүй байх.Бусад улстөрийн үйл ажиллагааг явуулж болно. Тэр ч утгаасаар намынхаа Гүйцэтгэх товчооны хуралд оролцоод байр сууриа илэрхийлээд явж байна. Улстөрөөс өөрийгөө гарсан гэж бодохгүй байна.

-Улстөрөөс гадна та бол хуулийн хүн. Хуулийн чиглэлээр ажиллаж байна уу?

-Хуульч мэргэжлийн хувьд дагнаж хийж байгаа зүйл одоохондоо алга. Хуульч мэргэжлээр ажиллах одоо хүн болчихсон ш дээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинэчлэлээр хуульч гэж бүх эрхзүйч мэргэжилтэй хүмүүсийг хэлж болохгүй гэж байгаа. Зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгч 3 л хуульч байна гэж заагаад өгсөн. Тиймээс би одоо өөрийгөө эрхзүйч гэсэн ангилалд оруулж байна. Би өмгөөлөл хийхгүй, прокурор хийхгүй, шүүгч хийхгүй учраас энэ ангилалд орно.

-Тэгэхээр цаашид хуулийн чиглэлээр бол ажиллахгүй гэж ойлгож болох уу?

-Эрхзүйч, хуульч мэргэжилтэй багш нартай “Хуульч, эрхзүйчдийн холбоо” гэж олон жилийн өмнө байгуулагдсан холбоо байдаг. Энэ холбооноос тэргүүнээр ажиллаач гэсэн санал ирсэн. Уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Он гараад ажилдаа орно.

-Та бас нэгэн цагт Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг прокурорын байгууллага удирдаж явах хүн биш гэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Одоо Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байна. Хууль зүйн дэд сайд байсны хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

-Д.Дорлигжав гэдэг хүн өөрөө улс төрч хүн. Намын дарга байсан, сонгуулийн ажил хийж байсан хүн. Өөрөө ч хууль зүйн мэдлэгтэй, дөртэй учраас Хууль зүйн сайдыг хийхэд ямар ч асуудал байхгүй. Харин прокурорын байгууллагад бол болохгүй байсан. Прокурорын байгууллага бол улстөрөөс ангид байх учиртай. Нэг намын ч юм уу, улс төрч юм уу тус байгууллагыг удирдана гэдэг утгагүй. Прокурорын байгууллага бол намын асуудал, бодлого ярьдаггүй. Яг хүний амьдрал ярьдаг, шийддэг, эрх чөлөөтэй байх эсэхийг шийддэг. Тиймээс улстөр оруулж болохгүй. Тэгэхээр Д.Дорлигжавын хувьд прокурорын байгууллагыг удирдана гэдэг утгагүй. Тиймээс ч би энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байлаа.

-Хамтарсан Засгийн газрын талаар таны бодол?

-Үндсэн хуулийн агуулгаар гэх юм уу улс төрийн онолоор энэ буруу л юм болж байгаа юм. Бодитойгоор харахад сөрөг хүчингүй болчихлоо. Манай нам сөрөг хүчин болох ёстой байсан. Гэвч цаг үеийн шаардлагаар Засгийн газарт хамтарлаа. Арванхоёрдугаар сарын 1-нд аль аль нам зөвшөөрөөд нэгдлээ. Тус өдөр бол ХДХВ-ын эсрэг өдөр. Тэгэхээр би сөрөг хүчний олдмол хомсдолтой болчихлоо гэж ёожилж хэлээд байгаа юм. Сөрөг хүчингүй болно гэдэг сайн зүйл биш.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ