Дэггүй нь дэндсэн дэд сайдууд

Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлж, сайдуудаа томилуулж авсны дараах бүрэн бүрэлдэхүүнээрээ хийсэн анхны Засгийн газрын хуралдаанаараа татан буугдсан яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргалаа. Оройтсон гаргасан ч гэсэн Монголд хүүхдийн эмнэлгийн хэрэгцээ амин чухал байгаа энэ цаг мөчид тун зөв шийдвэрийг шинэ засгийн газар гаргаж байна.
Гэхдээ энэ шийдвэрийг өөлөх, муучлах хүмүүс ч цөөнгүй байна. Олон түмэнд таалагдах гэсэн алхам хийж байгаад цаагуур нь Оюутолгой, Тавантолгойг... эмнэлэг зориулалтын байранд байхгүй бол болохгүй хэдэн жилийн дараа дахиад л хогийн сав болж дахин барилгажуулахаас аргагүй болно, гэх мэтчилэн уншигчид үзэл бодлоо илэрхийлж байгаа ч дийлэнх нь нүдээ олсон зөв шийдвэр болсныг тэмдэглэж байна.
Ийнхүү Ч.Сайханбилэгийн кабинет эхний хуралдаанаа хийж, анхны шийдвэрүүдээ гаргаж байх зуур хойгуур нь улс төрийн тогоонд дэд сайдуудыг томилох асуудал ид бужигнаж, хор найруулж, “хадаг сүү” барьж гүйлдсэн нөхөд төрийн ордны хонгилоор мөргөлдөх шахам гүйлдэнэ.
Урьдчилсан таамаг яриагаар бол дэд сайдын томилгоонд МАН-ынхан арай давамгай байх дуулдсан ч цагаа тулахаар тохиролцоонд хүрч чадалгүй бас л хугацаа алдаад эхэлжээ. МАХН-д гурав, ИЗНН-д сайдын суудал өгөөгүй учир хоёр дэд сайд өгнө гэж амласан гэнэ. Нөгөөтэйгүүр АН-ын сайдтай яаманд МАН-ын гэх мэтээр сөөлжүүлж томилно гэсэн яриа байна. Гэвч салбараа мэддэг, мэргэжлийн хүн чухал болохоос аль намынх байх нь хамаагүй гэх олон нийтийн хандлага байгаа юм.
Хэн, хэн дэд сайд болох вэ гэдэг олны анхаарлыг татаад байгаа. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, эх сурвалжуудын хэлснээр бол МАН-аас НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, “UFC” группийн дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай, МАН-ынбага хурлын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдажбайна.
Харин АН-аас ШӨХТГ-ын дарга О.Магнайг дэд сайд болгох тухай дуулдсан ч О.Магнай өөрөө сайдын суудалд суух санаагүй гэнэ. Нөгөөтэйгүүр ажлаа мэддэг АН-ын дэд сайд нарыг өөрчлөх хэрэггүй гэж үзэж буй бололтой. Энэ шалгуураар бол Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ажилдаа хэвээр үлдэх бололтой. Мөн Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний дэд сайд болгох тухай яриа байна. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин хүү Б.Баттүвшингээ, гишүүн асан Б.Батбаяр хүү Б.Батбилэгээ дэд сайдад зүтгүүлж байгаа гэнэ.
Н.Алтанхуягийн зөвлөх М.Хүдэрбаатар ч ногоон гэрлээр дэд сайдын суудал руу зүтгэхээр яарч байгаа гэнэ. М.Хүдэрбаатар хэрвээ дэд сайд болвол ёстой нөгөө МАН-ынхны хэлдгээр хаалгаар гаргахаар тооноор ороод ирдэг гэхээс ялгаагүй зүйл болох юм. Муу ажиллаж, огцорсон Ерөнхий сайдад зөвлөж байсан хүн одоо дэд сайд болоод ажлаа хийж чадах уу гэдэг асуудал хамгийн түрүүнд тавигдмаар.
Залуус төрд гарах ёстой гэж ярьдаг болсон цаг. Ингэж ярьж байгаа цаг үед Дундговийн хүү Б.Мөнхболорыг хэн дэд сайд хийж чадахгүй гэж хэлэх юм. МАН-ын залуучууд болохоор нам доторх бүтэцдээ шүдлэн дарга хийж байгаад шууд сайд хийж болдог АН-ын залуу болохоор яамандаа хэдэн ч сайдын зөвлөхийг хийж үзсэн хэрнээ яамандаа дэд сайд хийж болохгүй гэж. Тийм болохоор Барилга хот байгуулалтын дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорыг тавихыг намынх нь томчууд хүлээн зөвшөөрч байгаа аж. Хэвлэлийн таамгаар биш, хэний ч нөлөөгүйгээр дэд сайдад очих ганц хүн бол АН-д энэ залуу л байгаа байх.
Мөн арай дээр, залуу хүн гэхэд төрийн албанд туршлагажиж яваа, Шинэчлэлийн засгийн газрын нүүрийг тахалж байсан, ШӨХТГ гэдэг байгууллагыг олонд таниулсан О.Магнай өөр харагдах байсан ч тэрээр сонирхохгүй байгаа бололтой.
Тэгээд бусдыг нь харвал хэцүү дээ хэцүү, дэггүй хүүхдүүд шиг л дэд сайдууд гэж...
М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ