Сиднейчүүд шоконд орлоо

Австралийн Сидней хотын төв хэсэгт орших “Lindt” кафед зэвсэгт этгээд олон хүнийг барьцаалаад хэдэн цаг өнгөрөөд байна. Энэ хооронд зэвсэгт этгээдийн барьцаанаас гурван эрэгтэй, хоёр эмэгтэй зугтжээ.
Зэвсэгт этгээдийн барьцаанд кафед ажилладаг 10 хүн, 30 орчим үйлчлүүлэгч байгаа тухай “Lindt Australia”-гийн захирал Стив Лоане мэдээлсэн юм.
Барьцаанд байгаа хүмүүсийн заримынх нь бие муудаж байгаа тухай барьцаалагдсан нэгэн залуугийн ээж мэдээлэл өгсөн байна. Хүү нь энэ тухай ээждээ мессежээр мэдээлсэн ажээ.
Одоогоор бүрэн зэвсэглэсэн цагдаа нар кафег бүсэлсэн хэвээр, барьцаалагчтай холбогдож чадаагүй байгаа аж. Кафены цонхон дээр "Мухаммед бол бурхны элч" гэсэн цагаан бичигтэй, хар тугийг барьцааны хүмүүсээр бариулан зогсоосон байна. Энэхүү далбаа нь “Исламын улс” бүлэглэлийн туг юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор Австралийн ерөнхий сайд Тони Абботт Үндэсний аюулгүй байдлын хороог зарлан хуралдуулжээ.
Тус кафены ойролцоо Австралийн “Reserve Bank”, Шинэ Өмнөд Уэльс мужийн парламентын ордон оршдог аж. Мөн кафегаас холгүй орших Сиднейн дуурийн театраас сэжиг бүхий боодолтой зүйл олдсоноос онц байдал зарлан хүмүүсийг түр гадагш гаргасан байна. Цагдаагийн хамгаалалтад авсан бүсэд автозамыг хааж, галт тэрэг, автобусны чиглэлийг түр зогсоожээ.
Түүнчлэн “Qantas Airways” компанийн агаарын нислэгийг Сиднейн төвийн дүүргийн дээгүүр нисгэхээс зайлсхийх арга хэмжээ авсан аж.
Lindt Cafe нь Сидней хотын бизнесийн хамгийн том дүүрэгт орших Martin Place Avenue гудамжинд оршдог байна.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ