Төрөөс дэмжлэггүй ч төлбөргүй цэцэрлэг

Нийслэлийн гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй. Гэхдээ Төрийн өмчит цэцэрлэгт бүртгүүлж амжаагүй ч хувийн цэцэрлэгт элсэх сонголт бий. Харин сарын 300 мянгаас дээш төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ явуулаад байх санхүүгийн боломж айл бүрт байхгүй, тиймээс л бяцхан үрс гэртээ цоожлогддог. Гэрээ сахиж үлдсэн энхрий үрс түлэгдэл гэмтэлд харьцангуй ихээр өртдөг тухай “Түлэнхийн төв”-ийн эмч нарын олонтаа ярьдаг билээ.
Тэгвэл далайд дусал нэмэр гэдэгчлэн Төрөөс огт дэмжлэггүй атлаа бие даан үйл ажиллагаа явуулж, өдөр өнжүүлэх төвдөө 2-5 насны 45 хүүхэд хүмүүжүүлдэг “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын “Бяцхан зөгий” цэцэрлэгт бид зочиллоо. Энэ цэцэрлэгт хагас, бүтэн өнчин, амжиргааны түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд хүмүүждэг байна.
“Бяцхан зөгий”-нүүдийн унтлагын цаг
Энэ байгууллага БЗД-ын 15 дугаар хороонд байрлах тус цэцэрлэгээс гадна бидний нэрлэж дадсан “Цагаан чулуут”-ын хогийн цэг дээр гэр цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд орон гэргүй ийм хүүхдүүдийн хүмүүжилд зориулан төсөл бичиж, олон улсын байгууллагаас санхүүжилт авдаг юм байна. Энэ санхүүжилт нь бяцхан зөгийнүүдийн хоол хүнсэнд зарцуулагддаг аж. Хийе гэсэн хүсэл, сэтгэл байхад боломжгүй зүйл байдаггүйн жишээ энэ. Улсаас санхүүждэг ч “төсөвлөгдсөн мөнгө дууссан” гээд хийж байснаа тэр чигт нь хаяад гэдийгээд суучихдаг уламжлал, ёс зүйг эндээс жишээлэн шинэчилмээр.

Биднийг очиход бяцхан зөгийнүүд унтчихсан, тогооч эгч нь оройн цайны бин хайрч, хоёр багш нь 23-нд болох шинэ жилийнх нь баяраар хэрэглэх саа, тоглоом зэргийг худалдан авахаар Нарантуул захыг зорин зөрөн гарцгаав. Нийгмийн ажилтан К.Жанебек, “23-нд тэмдэглэх шинэ жилийн баярт маань бүх хүүхдүүд нэгдэж орно. Цагаан чулуутаас хүүхдүүдээ микрогоор зөөж авчраад, орой нь хүргээд өгчихдөг юм” гэлээ. Тодруулаад байх асуултын шаардлагагүй илхэн ийм нэгэн цэцэрлэг. 
Ээж, аав нь архи уугаад гэртээ ирдэггүй болохоор нагац эгчийндээ амьдардаг хоёр настай Номингийн зурсан зураг


Зурж сураагүй л байгаа байх. Гэхдээ хүүхэд бодлоо зурдаг гэдэг.
Ц.Анхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ