Монгол хүний тархи гайхамшгийг баталжээ

Дэлхийн миссийн тэмцээн өндөрлөж ӨАБНУ-ын мисс алтан титмийн эзэн боллоо. Эдийн засаг, улс төрийн хямралтайгаа шинэ оноо тосох гэж байгаа монголчууд хэсэгтээ л нийгмийн бухимдлыг умартан цахимаар өөрийн орны миссээ дэмжлээ.
Н.Төгсцогт олимпийн мөнгөн медаль хүртэж, омголон хөөрүү монголчуудыгаа уухайлуулж байсан яг тэр Лондоны Эксел ордонд зургаан жилийн дараа Монголын мисс хөл тавьж нийгмийн сүлжээ сайтуудаар хэсэгтээ л миссийн тэмцээний хөлд дарагдсан юм.
Тамирчдаа л уухайлан дэмждэг байсан монголчууд маань одоо спорт гэлтгүй бүхий л салбарт олон улсад өрсөлдөж байгаа элэг нэгтнээ ямар ч олон сая хүнтэй орноос дутахгүй харин ч илүү дэмждэг болжээ.
Нөгөө хятадууд хаа явсан газраа нэг амьтай, вьетнамчууд бүр илүү гэж ярьдгаас ч монголчууд илүү болж. Нэг ёсондоо монгол бахархал, эх орноо элгэн халуун саднаа гэсэн омогшил бахархлын чавхдас бидний сэтгэл зүрхийг хаа сайгүй нэгтгэж байгаа юмуу даа.
Яг ийм үед л монголчууд нийгмийн бухимдлыг умартаж чаддаг ажгуу. Юун улс төр, юун С.Баярцогт, Н.Энхбаяр. Тэгвэл монголчуудын омогшил бахдалын дундаас төрөн гарсан залуус маань ямар ч улстөрчөөс хүсээд хүсээд, итгээд дэмжээд гардгүйг зүгээр л хийчихдэг шинэ цаг үе иржээ.
Арлын Японд сүмогийн дэвжээнээс биднийгээ жилийн зургаан сард нь омогшуулдаг их аварга Хакухо М.Даваажаргал түлэнхийн төв эмнэлэг барихаар болсон бол түүнээс ч дутахгүй монгол хүн бүрийн бахархал болсон Асашёорюү Д.Дагвадорж маань хүүхдийн эмнэлэг барих сурагтай.
Урлаг соёлынхон ч хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд зориулж сургууль байгуулж байна, эмнэлгийн хүлээх өрөөг тохижуулж байна гэх мэтээр. Тэд маань улс орны хөгжилд бага багаар хэнийг ч хүсээгүй шаардаагүй байхад хувь нэмрээ оруулж байгаа нь гайхалтай.
Бид ирээдүй хойч үеээ чадавхжуулж, сургаж хүмүүжүүлж чадвал тэдний маань дундаас Монгол Улсыг ирээдүйд Израйль, Солонгос, Японоос ч дутахгүй тархи оюунаараа хөгжүүлэх суутнууд төрөн гарч болохыг бид харж байна.
Дөнгөж л долоо наймхан настай хүүхдүүд маань дэлхийд шатар, даамын оюуны спортод тэргүүлж байна, өчигдөрхөн үүнтэй төстэй бас нэгэн сайн мэдээ дуулдсан нь Ой тогтоолтын ДАШТэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож манай баг тамирчид Германы багийг ялж, боломжит 60 медалийн 29-ийг нь хүртэж, II байрт орсон байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу хамгийн сэтгэл догдлуулсан өрсөлдөөнтэй төрөл болох хурдны хөзрийн шагнал гардуулах үеэр Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны Ерөнхийлөгч Тони Бузан манай тамирчин 16 настай Э.Энхмөнхийг өндөр үнэлжээ.
Тэрээр “Дунд насанд өрсөлдөж буй энэ авьяастай монгол хүү насанд хүрэгчид болон нийт 183 тамирчныг ардаа орхиж түрүүлсэн нь энэ спорт үүсч хөгжсөнөөс хойш анх удаа болж байгаа үнэхээр гайхалтай үйл явдал юм. Хүний тархи нэг багц хөзрийг 30 секундээс бага хугацаанд цээжлэн алдаагүй хэлэх боломжгүй гэж байсан нь нейрологичдын буруу байжээ гэдгийг харууллаа. Баяр хүргэе!” хэмээсэн байна.
Монгол хүний тархи гайхамшигтай болохыг баталсан бас нэг тохиолдол. Ийм тархитай монголчууд байхад манай орон Оюутолгой, Тавантолгойгоо үүцлээд ч гэсэн хөгжиж болохоор. Улстөрчидтэй улстөрчидгүй, тэдний бохир дүрэмтэй тоглолтыг хүлцэн тэвчих шаардлагагүйгээр монголчууд өөрийгөө чадавхжуулж зөв сэтгэлээр хөгжүүлж чадвал манай орон хөгжиж дэвжих бололцоотой, бид энэ дэлхийн ямар ч оюунлаг гайхалтай улс үндэстнээс дутахгүй гэдгийг батлан хэлье.
Н.Өрнөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ