"Титэм" клубээс "Цагаан даваа"-ныханд бэлэг тараав

Шинэ жилийн урь хэдийнэ орж, байгууллага албан газруудад баярын уур амьсгал эхэлжээ. Энэ л баярын өдрүүдэд өөрсдийгөө зугаацуулахаас илүүтэй өрөөлийг баярлуулах чин сэтгэлтэй хүмүүс ч байгааг энэ амралтын өдөр болж өнгөрсөн үйл явдлаас харж байлаа.

Санаа, зорилго нэгт “Титэм клуб”-ийн хамт олон “Цагаан даваа”-ны хогийн цэгт амьдардаг эмзэг бүлгийн ард иргэддээ дулаан хувцас, гутал тарааж, хүүхэд багачуудад нь уут дүүрэн амтат бэлэг гардуулсан юм. Тэдний сайн үйлсийн ажил дан ганц үүгээр зогсохгүй, БЗД-ийн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх, ажилгүй иргэдийг ажилд зуучлах зэрэг хүнд чиглэсэн олон ажил, үүргийг гүйцэтгэдэг билээ. Түүнчлэн далан шуудуу цэвэрлэх гэх мэт нийгмийн туст хөдөлмөрт бие сэтгэлээ зориулж яваа хамт олон юм.

“Титэм клуб”-ийнхэн тун удахгүй болох гэж байгаа монголчуудын хамгийн том тэмдэглэлт өдөр болох Сар шинийн баярыг тохиолдуулан БЗД-ийнхээ ахмад настнуудаа баярлуулахаар зэхэж байгаа гэнэ. Сайхан сэтгэлийн үзүүрт тос, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. “Титэм клуб”-ийн залуусынхаа ариун үйл бүхэнд нь амжилт хүсье.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ