Гар утас дээрэмдэх гэж хүний аминд хүрэх дөхжээ

Сүүлийн үед бусдын эд зүйлсийг булааж дээрэмддэг, бүлэглэн танхайрдаг үйлдэл буурахгүй байх хандлагатай байна. Зодоон болоод байна, согтуу хүн танхайраад байна, нийтийн байранд зодолдоод байна, орцонд зодолдоод амраахгүй байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад байнга бүртгэгдэж байна.

"Дөлгөөннуур" төвийн орчим энэ сарын 15-нд Toyota Prius-20 автомашины жолоочийг машиндаа сууж байхад нь үл таних таван залуу хутга тулган "Samsung Note-2" гар утсыг дээрэмдэн, найзын хамт автомашины тээшний саванд хийж яваад "Хүчит шонхор" захын урд талын үерийн даланд үлдээгээд зугтаажээ. Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэн Х согтуурсан үедээ бусадтай бүлэглэн үйлдснийг нь тогтоон шалгаж байна. Гар утаснаас болж эрдэнэт хүний амь насанд ийнхүү заналхийлсэн нь харамсалтай.

Мөн нийтийн байранд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу шалгахад, Дархан-уул аймгийн 3-р багт суух иргэн А согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж танхайрсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хутгыг нь хураан БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.

Бас дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах байранд согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллийг шалгахад СХД-ийн оршин суугч 25 настай А нь согтуурсан үедээ тус эмнэлгийн хүлээн авахын хаалганы шилийг хагалж танхайрсныг таслан зогсоолоо.

Энэ мэт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ танхайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол буурахгүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ