Увсынхан больчихоочээ
Хэсэгтээ нам гүмхэн байсан улс төрийн амьдрал засаг солигдсоноор сонирхолтой болох шив. Үймээн эрчээ авч албан тушаалын халаа сэлгээ учир нь олдохгүй хийгдэж, ах дүү амраг садангийн томилгоо эх захаа алдах болов. Ичих ч булчирхай алга. Ээжийн, аавын дүү. Нутаг жалганы хам, хамаатай болгоноо энэ сэлгээнд чихчих гэсэн үзэлтнүүд хэрээс хэтэрч.
Гэсэн ч ганцхан зүйлийг л ойлгохгүй юм. Монгол Улсын хуульд, Үндсэн хуулийн дүрэмд хуулийн байгууллагыг Увсынхан толгойлно гэсэн заалт байгаа юм биш биз дээ. Ямар ч тойхиолдолд Хууль зүйн сайд нь увс хүн байдаг заншил тогтчихлоо. Дурдаад дурсаад үзвэл энэ салбрыг олон жил толгойлсон сайд Ц.Нямдорж Увс аймгийн харьяат. Дараагийн ээлж нь эсрэг намын нөхөр байсан ч өдгөө мөн л увсын угшилт Д.Дорлигжав боллоо. Үүнийг дагаад агентлаг салбарын дарга нар бүгд увс нөхдүүд. Тиймээс үүнийг ойлгохдоо дээр дурьдсан ах дүү амраг саднуудаа татах татаас мөнөөс мөн л гэж хэлмээр байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав шинэ албанд очихдоо өөрийнхөө оронд тодруулбал Монгол Улсын Ерөнхий Прокурорын албыг нутгийн дүү Бат-Оршихдоо хүлээлгэн өгөхөөр санал хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн гэх. Тэгэхээр манай улсын Ерөнхийлөгч увс хүнд хайртай бол Бат-Оршихыг сонгон томилж, эх орон, шударга журамд дуртай бол ажлаа мэддэг цэвэр нэгнийг сонгох байх. Гол нь цэвэр. Энэ үгийг онцлон бичиж байгаад учир их бий. Шүүгч, Прокурор, хуульч хүмүүний гарт бусдын хувь заяа бүтнээрээ багтдаг. Тэд хэрэв мөнгөнд дуртай бол ганц хүний хувь заяа бус монгол төрийн минь сүлд доройтно. Тиймдээ ч цэвэр нэртэй, цэвэр гартай хүнээр Ерөнхий прокурорыг томилоосой гэж хүсэх юм.
Сонсоод байх нь Бат-Орших нь Нийслэлийн Прокурорын газрын даргаар ажиллаж байгаа. Хийсэн гэмийг нь хэн ч хэлж чадах арвин түүхтэй нэгэн. Гэхдээ л энд түүний хийсэн булхайг дэлгэж яршиг төвөг удах гэсэнгүй. Хамгийн гол нь өв залгамжилж үлдээх албан тушаалын залгамжийг таслан согсоогоосой л гэж бодогдсоных. Эс бөгөөс нутаг усны ах дүүгээрээ хүрээлүүлэн хэн ч халдахгүй хамгаалалт үүсгэх гэж байж ч магад. Ямартай ч хуулийн байгууллага увсынхнаар эгнээ байраа бэхжүүлж, зузаатгах “хөтөлбөрт” нь эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань хэр хувь нэмрээ оруулахыг харах л үлдэх шив...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ